Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйг НЗДТГ-аас мэдээлж байгаа юм.
Тэгвэл автобусны буудлын сурталчилгааны самбарууд дээр метро барих тендерийн талаарх зургийг байрлуулжээ. Энэ талаар цахим орчинд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд уг тендерийн зарыг яагаад тус газруудад байрлуулсныг иргэд төдийлэн сайн ойлгохгүй байгаа аж. Тодруулбал нэгэн иргэн "тендерийн зараа автобусны буудал, явган хүний зам дээр тавьсан байх юм. Метро үйлдвэрлэдэг компаний захирлууд автобус хүлээгээд, гадуур алхаад явж байна гэж байх уу" хэмээн хошигносон бол өөр нэг иргэн "метро барих гүйцэтгэгч биш, метро байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажил ч биш, зүгээр л ажлын даалгавар боловсруулах тендер зарлангуутаа битүү постер хотоор нэг наачихаж" хэмээн цахим орчинд бичжээ.
Тендерийн зараа автобусны буудал, явган хүний зам дээр тавьсан байх юм.
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) February 29, 2024
Туннел ухдаг, метро үйлдвэрлэдэг компанийн захирлууд автобус хүлээгээд, гадуур алхаад явж бна гэж байх уу 😁 pic.twitter.com/6wajmM4L43