Б.Бахатгүл: Жуулчны хөтөч тайлбарлагчдаас авах 600 мянган төгрөг нь бусдын халаасанд зүгээр орох гээд байгаа учраас бид эсэргүүцэж байгаа

Б.Бахатгүл: Жуулчны хөтөч тайлбарлагчдаас авах 600 мянган төгрөг нь бусдын халаасанд зүгээр орох гээд байгаа учраас бид эсэргүүцэж байгаа

Энэ сарын 21-ны өдөр хуралдсан “Жуулчны хөтөч, тайлбарлагчийн III чуулган”-аас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниуд болон хөтөч, тайлбарлагч бүрээс хураамж авах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Аялал жуулчлалын компаниудаас нэг жилд 1.2 сая төгрөг, хөтөч тайлбарлагчдаас нэг жилд 600 мянган төгрөгийн хураамжийг татахаар болсон нь энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байна.

Тус хураамжийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос авч байгаа бөгөөд тус мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах нь тодорхойгүй цаашлаад аж, ахуй нэгж болон хувь хөтөч, тайлбарлагч нарт зориулах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Аялал, жуулчлалын мэргэжлийн холбоо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг тус, тус үндэслэн 2023 оны 12 дугаар 28-ны өдрийн гаргасан тушаалын дагуу  энэхүү хураамжийг татан төвлөрүүлэхээр болжээ.

ВИДЕО: 

Энэхүү журамд

  1. Жуулчны хөтөч, тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журмыг хавсралт ёсоор баталсугай.
  2. Тушаалын биелэлтийг хангаж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар В.Батчимэгт үүрэг болгосугай гэж бичжээ.

БОАЖ-ын сайдын тушаал

-ХУУЛЬ НЭРИЙН ДОР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛЖ, ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРААС 600 МЯНГАН ТӨГРӨГ АВАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛНА-

Хөтөч, тайлбарлагч Б.Бахатгүл

Энэ талаар хөтөч, тайлбарлагч Б.Бохатгүлтэй ярилцлаа.

- Аялал жуулчлалын салбар  хэр хөгжиж байна вэ?

-Аялал жуулчлалын салбар хөгжлийн эхэн үедээ байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож, аялал жуучлалыг дэмжиж байна. 1999, 2000 онд аялагчдыг шороон замаар л тээвэрлэдэг байлаа шүү дээ. Элсэн тасархай руу явах гэж  шаварт суун, барин бүтэн өдөр явдаг байсан бол одоо дэд бүтэц хөгжөөд өдрийн зорчих хугацаа маань хэмнэгдэж эхэлсэн. Жижигхэн болов ч хөгжил явагдаж байгаа юм.

-Хэрвээ нууц биш бол хөтөч тайлбарлагч нар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Хөтөч тайлбарлагч нар аяллын фронтын тэргүүнд явдаг.  Маш их ур чадвар шаарддаг гэж хэлж болно. Цалингийн тухайд туршлага болон тухайн компанитай байгуулсан гэрээнээсээ шалтгаалан янз бүр байдаг. Улирлын чанартай учраас бага хугацаанд л ажилладаг гэсэн үг. Аяллын хөтөчийн зэрэгцээ давхар багшаар ажиллах гэх мэтээр хоёр ажил хийдэг хүмүүс цөөнгүй байна.

-Хөтөч тайлбарлагчдын гуравдугаар чуулганы үеэр хөтөч нараас 600 мянган төгрөгийн хураамж авах шийдвэр нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан.  Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар Аялал жуулчлалын хуулийг хэлэлцэх үед тухайн хуулийн шинэчилсэн найруулга хаасан, боосон, торгоно гэсэн агуулгатай байсан. Тиймээс дахин ажлын хэсэг байгуулагдаж, ажилласан байдаг. Улмаар 23 жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сард “Аялал жуулчлалын салбарын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан юм. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулна" гэдэг заалт орсон байдаг. Энэ дагуу бүх БОАЖЯ долдугаар сарын 21-ний өдөр хурал зохион байгуулж, холбоог байгуулж, Удирдах зөвлөлийг нь томилж, бүх нийтийнхээ хурлыг аравдугаар сарын 23-25-ны дотор хийхээр болсон. Энэ дагуу тухайн өдөр хурлаа хийж, тур оператор байгууллага, үйлчилгээний байгууллага улиралд бол гурван зуун мянга, нэг жилд 1.2 сая төгрөг, харин хувь хөтөч болон хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэд улиралд 150 мянга, жилд 600 мянган төгрөгийн хураамж авахаар  тогтож, дүрэмдээ заахаар болсон. Гэтэл энэ хуралд 80 гаруй тур оператор, таван хөтөч тайлбарлагч оролцоод баталсан байдаг. Уг нь хуульд зааснаар бүх хөтөч, тайлбарлагч нарыг цуглуулж, энэхүү хураамжийг хэлэлцэх байсан юм. Хэрэв энэ дагуу явсан бол сая чуулганаар гарсан эсэргүүцэл тулгарахгүй байсан. Энэ 600 мянган төгрөгөөр яг юунд зарцуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Гуравдугаар чуулганаар ч энэ асуултыг хариулт олдсонгүй. 

-Таны ярьж буйгаар Аялал жуулчлалын холбоо нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хөтөч, тайлбарлагч нараас мөнгө татах зорилготой л байгуулагдсан холбоо юм уу гэж харагдаад байх юм?

-Хөндлөнгөөс харж байгаа хүнд яг тэгж харагдаад байгаа юм. Хэсэг бүлэг хүмүүсийн санал орж ирээд бүх зүйл эсрэгээрээ болсон. Уг нь зөв гаргалгаа гаргасан бол өнөөдөр ямар нэгэн татвар хураамж биш бодлого ярих байсан. Нэг жишээ ярихад Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо бол дэлхийн мэргэжлийн холбооны гишүүн биш. Энд гишүүнээр элсэхийн тулд гишүүний өндөр татвартай байдаг. Бодлогоо яг зөв тодорхойлчихвол цаашаа үргэлжлээд сайхан явах боломж нээгдэнэ. 

-Мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа боловч яагаад мэргэжлийн бус ажиллаад байгаа юм бэ?

-Уг нь тус холбоонд мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд БОАЖЯ-наас чиг үүрэг, санхүүжилтийг нь аваад ажиллаж байж, хангалттай ажиллахгүй байна. Бид бусдыгаа сонсох хэрэгтэй. Юунд алдаад байна яаж ажиллах хэрэгтэй вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй л гэж харж байна даа. 

-Чуулганаа дараа яамд тунхаг бичиг барьж, нийт гишүүдийн чуулган хийхээр болсон гэх мэдээлэл байсан. Тус чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Эндээс маш их хүлээлт байгаа. Учир нь бид өнөөдөр мэргэжлийн холбоондоо итгэл алдарчихаад байна шүү дээ. Хөтөч, тайлбарлагч хүн өөрөө өөрийнхөө төлөө явж байж энэ бүхэн сайн үр дүнд хүрнэ гэж бодож байна. Аялал жуулчлалын салбар маань маш олон салбарын цогц учраас тухайн салбаруудтайгаа уялдаж ажиллах, нэг механизмтай болмоор байна. Бүх салбартайгаа уялдаа холбоотой ажиллаж байж бусад салбартаа үр өгөөжөө өгөх юм. Тиймээс энэ бүхнийг чуулганаараа хэлэлцэхийг зорьж байгаа. Мөн аялал жуулчлалын салбарынхан өөрсдөө мэргэжлийн мэдээлэл авах, сургалтанд суух, энэ болгоныг дандаа өөрөө өөртөө хэрэгжүүлж байгаасай гэж хүсч байна.