С.Одонтуяа: Манай улсад хар тамхины хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоосоо 43 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан /ЦУВРАЛ-2/

С.Одонтуяа: Манай улсад хар тамхины хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоосоо 43 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан /ЦУВРАЛ-2/

Манай улсын хувьд 2002 онд батлагдсан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч юмс өөрчлөгдөж, дэлхий хурдацтай хөгжиж, олон шинэ зүйл бий болохын хирээр энэ хуульд ч өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх шаардлага тулгарч байна.

Иймд бид хар тамхины асуудалд өөрийн дуу хоолойгоо тодорхой хэмжээнд хүргэж, илэрхийлж байгаа болон хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар ажиллаж буй УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, мөн гурван жил хар тамхи хэрэглэж байгаад бүрэн эдгэрсэн "Нэргүй амьдрал" ТББ-ын тэргүүн Г.Гүррагчаа, АН-ы дарга Лу.Гантөмөрийн зөвлөх Г.Амаржин нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулж эхний цувралаа энэ сарын 20-ны өдөр олон нийтэд цацсан билээ. Тэгвэл энэ ярилцлагын хоёр дахь хэсгийг цуврал болгон хүргэж байна.

ВИДЕО:

С.Одонтуяа: Манайх шиг улсад хар тамхины хэрэглээ 2030 он гэхэд одоогийн хэрэглээнээсээ долоо дахин буюу 43 хувиар нэмэгдэнэ. Хар тамхи өмнө нь “маш үнэтэй” гэсэн тодорхойлолтоороо зөвхөн баян айлын хүүхдүүд рүү л чиглэдэг байсан бол одоо бүх давхаргын хүмүүст олон төрлөөр хэрэглэгддэг болчихоод байна.

Г. Гүррагчаа: Манай улсад 91 мянга гаруй хүн хар тамхины хамааралтай гэсэн тоо судалгаа байна. Эдгээр нь 18-27 насны залуучууд байгаа юм.

-Архины эмчилгээ гэж байдаг. Тамхины наалт гэж байдаг. Тэгвэл хар тамхинд донтсон хүмүүсийг яаж эмчилдэг юм, эмчилдэг газар байна уу? Энэ талаар хэдүүлээ ярилцья?

Г.Гүррагчаа: Одоогийн байдлаар яг эмчилдэг газар монголд байхгүй. Хар тамхинд орсон хүмүүсийг хоргүйжүүлэх, нөхөн сэргээх газар байхгүй гэсэн үг. Донтолтын зөвлөхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн ч байхгүй. Одоогоор манай “Нэргүй амьдрал” ТББ л байна. Эдгэрэлийн зөвлөгөө өгч харилцан ярилцдаг, бие биедээ итгэл үнэмшил өгдөг тийм нөхөрлөлийн байгууллага юм.

С.Одонтуяа: Сая ярилаа шүү дээ. Юуны түрүүнд сэтгэлзүйчид их хэрэгтэй байна гэж. Манай улсад сэтгэлзүйчид ханддаг соёл төдийлэн дэлгэрэхгүй байгаа шүү дээ. Би дүүргийн засаг дарга байхдаа сургууль бүр дээр сэтгэлзүйч ажиллуулдаг байсан. Тиймээс сэтгэлзүйчид их хэрэгтэй байгаа юм л даа. Зөвхөн хар тамхи биш амиа хорлолт ч асуудал болж байна.

-Одоо үед сэтгэл санааны эрүүл мэндийг манай залуучууд их сайн ярьдаг болсон. Гэхдээ яг сэтгэлзүйч дээр очьё гэхээр үнэтэй байгаад байдаг. 9 дүүрэг, 21 аймагт тус бүр сэтгэлзүйн инстициуд байх ёстой байх. Энэ талаар ярилцья?

Г.Гүррагчаа: Залуучуудын хувьд мэдлэг мэдээлэл дутмаг, дутуугийн синдром, нийгмээсээ авч буй маш олон төрлийн шарх зэрэг нь хар тамхинд орох шалтгаан болж байна. Тиймээс эрүүл нийгэм бий болгохын тулд сэтгэлзүйч нарыг цогцоор нь ажиллуулах хэрэгтэй байна. Гэхдээ манай сэтгэлзүйчид олон улсын сэтгэлзүйг судлаад түүний жишгээр ажилламаар байна, хүүхдээ загнаж байгаа юм шиг хандаж болохгүй. Чанартай зөвлөгөө өгдөг баймаар байна.

-Энэ дээр нэг гаргалгаа харагдаж байна. Тэгэхээр манай улсад нөхөн сэргээх, хоргүйжүүлэх чиглэлээр ажиллагаа явуулдаг наркотик эмнэлэг байх ёстой юм байна. Энэ асуудлаас зугтаад яваад байж болохгүй. Тиймээс энэ асуудлаас айлгүй барьж аваад шийддэг баймаар байна.

С.Одонтуяа: Бид нар дүүрэгт байхдаа нэг ийм ажил хийж байсан юм. Хүүхдүүдэд эцэг, эхчүүд нь ярихаар нээх хүрдэггүй юм байна. Тэгэхээр UB palace-т 3000 гаруй сурагчдыг цуглуулаад тэдний сонсдог дуучдыг авчирж хар тамхины хор хөнөөлийн талаар яриулж, мэдээлэл өгч байсан нь их үр дүнтэй байсан.

Н.Гүррагчаа: Би бас МУИС-ийн оюутнуудад өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлээд лекц уншиж байсан юм. Гэтэл лекцийн дараа маш их асуултууд ирж байсан. Тэгэхээр энэ талаар системтэй мэдээлэл өгч байх нь чухал.

С.Одонтуяа: Хууль, эрхзүйн тал дээр бид судалгаа хийж байгаа л даа. Европод хар тамхины хууль хэлэлцэгдээд маш их маргаантай байгаа. Тэгэхээр бусад улс орнууд энэ хуулийг яаж хэрэглэх гэж байна гэдэг тал дээр туршлага судлах ёстой. Хаврын чуулган дээр санал оруулж энэ асуудлыг төрийн хэмжээнд ярих гэж байна. Би энэ талаар гишүүддээ хэлж үзэхэд бүгд дуу нэгтэйгээр дэмжиж байгаа.

-Бид бүгд эцэг, эх хүмүүс. Улс орны ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө энэ асуудал дээр хүчтэй дугарах цаг нь болсон. Тиймээс энэхүү мэдээллээ цаашид цувралаар хүргэх болно.