УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Энэ дагуу түүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс тайлан, судалгаа хийхээс өөрөөр дорвитой ажиллахгүй байгаа талаар УИХ-ын дарга өмнө нь хэдэнтээ шүүмжилж, ажлаа сайжруулах талаар хугацаат үүрэг даалгаврууд өгч байсан. Тэрээр хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд бодит үр дүн хүссэн учраас ийнхүү Комиссын даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж болохоор байна. Ямартай ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ирэх баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэх юм.
Хүний эрхийг хангах хамгаалах асуудалд энэ удаагийн парламент онцгой анхаарал хандуулж байгаа. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгох гол институтийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул удирдлагыг нь ийнхүү өөрчилж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс даргаасаа гадна зургаан гишүүнтэй. Эдгээрээс УИХ-ын дарга дахин сонголт хийж томилох юм.