"Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай Засгийн газрын тогтоолын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, “2022 оны аравдугаар сард Эрдэнэ Тавантолгойд БЭТ томилох шийдвэр гарч байсан. Улмаар энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан хуулийн дагуу нэг сарын дараа дахин БЭТ томилох асуудлыг оруулж ирж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нүүрсийг бүхий л төрлөөр борлуужл нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг бодитой хийж чаджээ. Мөн нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар нүүрс тээвэрлэгчдийн татварт төлөх орлогыг нэмэгдүүлж чадсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий тусгай зөвшөөрлийн талбайгаас нөөц тутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж эцэслэсэн байна. Түүнчлэн компаний өр төлбөрийг барагдуулж ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Үүгээр зогсохгүй нүүрсний гэрээг бүх нийтэд нээлттэй болгож, хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ийнхүү "Эрдэнэс Тавантолгой компанид БЭТ томилсон нэг жилийн хугацаанд нийт дүнгээр 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрсийг худалдан борлуулжээ. Төсөвт 3 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Монгол Улсын хэмжээнд 2023 оны нийт нүшүрс экспортыг 60 сая тонноор тооцож байсан бол 11 дүгээр сарын 20-ны байдлаар 62 сая тоннд хүрсэн байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж байгаа шалтгаан нь:
- Нүүрсийг биржээр зардаг үйл ажиллагааг цааш тогтмолжуулах шаардлагатай байна.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-д анх БЭТ томилохдоо засаглалын тогтвортой байдал, хараат бусаар ажиллах үүрэг даалгаврыг өгч байсан. Өгсөн үүргээр ОУ-ын мэргэшсэн аудитыг оруулж, бодит байдлыг ард түмэнд мэдээлж байх үүрэг өгсөн. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа сонгон шалгаруулалтыг зарласан боловч ОУ-ын аудитын байгууллага ажиллах нөхцөл боломж хараахан бүрдсэнгүй. Иймд цаашид мэргэшсэн удирдлагаар тус компанийг төлөөлж байх шаардлагатай байгаа.
Ирэх дөрөвдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаанд олон улсын аудитын байгууллагыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оруулж, бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр БЭТ-ийг дахин сонгон шалгаруулна. Иймд хяналт шалгалт хийх хүртэл БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулна" гэлээ.
ҮЗЭХ: