АТГ-аас 337 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ

АТГ-аас 337 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс арваннэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 354 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 174 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийтийн албан тушаалтан “З”, “Г” нарт Авлигын эсрэг хуулийн 13.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.1-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд шаардлага хүргүүлжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 337 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.