Эхээсээ төөрч өлссөндөө айл бараадаж очсон хоёр баавгайн бамбаруушийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид авч, өсгөж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25 нд эхээсээ төөрч, өлссөн хоёр бамбарууш малчин айл бараадаж очсон тул малчид сүү өгч, холбогдох байгууллагад хандсанаар Зэд Хантайн бүтээлийн нурууны байгаль хамгаалагчид өсгөж буй. Бамбаруушууд одоогоор долоон сартай. Мэргэжилтнүүдийн зааварчилгаа дор байгалийн зэрлэг чанараа алдалгүй өсөж байгаа юм. Мөн тэднийг Дондог, Дулам гэж нэрлэсэн билээ.
Түүнчлэн Дондог, Дулам хоёр бамбаруушийг ичихээс нь өмнө байгальд нь тавих шаардлагатай байгаа талаар өнгөрсөн Даваа гарагт /2023.09.18/ Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэнтэй ярилцах үеэр хэлж байсан юм.
Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ Дондог, Дулам бамбаруушуудыг зорьж очжээ. Улмаар тэднийг ирэх хавар байгальд нь тавихаар шийдвэрлэсэн байна.