Т.Тулга: ДАШТ-ий шүүгчид буруу шийдвэр гаргасан нь үнэн. Гэвч арга хэмжээ авлаа гээд тэмцээний шийдвэрт нөлөөлж чадахгүй /ВИДЕО/

Т.Тулга: ДАШТ-ий шүүгчид буруу шийдвэр гаргасан нь үнэн. Гэвч арга хэмжээ авлаа гээд тэмцээний шийдвэрт нөлөөлж чадахгүй /ВИДЕО/

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби Улсын Белград хотод есдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд Монголын баг тамирчдыг төлөөлж 65 кг-ийн жинд барилдсан ОУХМ Т.Тулга Азербайжан Улсын тамирчин Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдаан хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн нь шударга бус болсон хэмээн Монголын ард түмэн дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцэж байгаа.

Иймд бид энэ удаад 2019 оны дэлхийн аваргын алтан медальт, ОУХМ Т.Тулгатай тус тэмцээний шийдвэрт ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Энэ тэмцээнд нийт хэдэн удаа барилдсан бэ? Шүүгчдийн буруу шүүлтээс болж харамсалтайгаар ялагдал хүлээлээ гэж спорт сонирогчид үзэж байгаа. Тэрхүү барилдаанд аль улсын, ямар тамирчинтай барилдсан бэ? 

-Энэ удаагийн ДАШТ-ий эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы тамирчныг ялаад гуравдугаар тойрогт Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай барилдаад ялагдал хүлээсэн. Энэ барилдаан зургаан минутын барилдаан болсон ч дундуур нь нөгөө тамирчин маань эмчийн цаг аваад нийт 13 минут орчим үргэлжилсэн. Шийдвэрлэх үе буюу барилдааны төгсгөлд намайг торгож, 3:3 харьцаатайгаар би ялагдал хүлээлгэсэн нь шүүгч нарын будлиан орсон гэж миний хувьд үзэж байгаа. 

Азербайжаны тамирчин Хажи Алиев бол дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальтай, туршлагатай тамирчин.

- Барилдааны үйл явц, процессыг тайлбарлаж өгөхгүй юу? Таныг ямар үндэслэлээр торгосон юм бэ?

-Барилдааны явцад өрсөлдөгч тамирчны тирконд миний эрхий хуруу тээглэсэн гэж Алиев шүүгчдэд хандсан. Барилдааны бичлэгийг удаашруулаад үзэхээр секунд, бараг долийн хэмжээнд л тирконд нь хүрсэн гэж харагдаж байгаа. Үүнд үндэсэлж шүүгч нар торгосон. Гэхдээ зуурсан байсан ч шууд торгох үндэслэл байдаггүй юм. Эхлээд сануулах маягаар хэлээд дараа нь торгох арга хэмжээ авах ёстой. Торгууль авах хүртэл 3:2 харьцаатай би хожиж явсан. Барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхөө мордож дээр нь гараад даралт авахад ямар ч оноо өгөөгүй. Тирко зуурсан гэх үндэслэлээр торголоо ч би нэг оноо алдаж, мордож унагасан хоёр оноогоо аваад 5:3 харьцаатай хожих боломж байсан. Гэтэл өрсөлдөгч бөхөд торгуулийн оноо өгч би хожигдол хүлээсэн. Хажи Алиев өөрөө туршлагатай тамирчин учраас арга мэх сэдэж байх шиг байна лээ.

Намайг тирко зуураад байна гэж шүүгчдэд нэлээд хандсан. Өөрөө ч мөн тиркогоо зуураад байсан. 

- Таны хувьд нэлээд идэвхтэй барилдаан үзүүлсэн шүү дээ. Яагаад техникийн оноо ч юм уу өгсөнгүй вэ?

Миний хувьд зургаан минутын турш довтолгоо хийсэн. Гэвч ямар ч техникийн оноо аваагүй. Түүнд шүүгчдийн нөлөө орсон гэж харж байгаа. Сүүлийн гурван минутанд ч бас аль нэгийг нь идэвхгүй байлаа гээд торгох ёстой байтал хэн хэнд нь ч торгууль өгөөгүй. Би довтолсоор байхад нөгөө талд сануулга ч, торгууль ч өгөхгүй байсаар сүүлийн гурван минут дууссан.

- Таны хувьд шүүгч нар маш буруу шүүсэн гэж үзэж байгаа юм байна шүү дээ. Шүүгчийн бүрэлдэхүүнд ер нь ямар ямар улсын шүүгчид байсан бэ?

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сайн мэдэхгүй байна. Дэлхийн 40-50 орны шүүгчид тус тэмцээнийг шүүсэн. Миний дэвжээнд хаанахын шүүгчид гарсныг би сайн мэдэхгүй. Ерөнхий шүүгч нь ямартайч Серби гаралтай шүүгч байсан. Энэ шийдвэрт санал нийлэхгүй байгаа ч нэгэнт болоод өнгөрсөн зүйл дээр харамсаад байх зүйл алга. Дараа дараачийн уралдаан тэмцээнүүддээ бэлтгэлээ сайн хангана. Мөн ирэх оны олимп байна. Ялагдсан ялагдал дээрээ анхаарч, цаашдын төлөвлөгөөг гаргаад, яаж ажиллах тал дээрээ өөрийгөө сайн бэлдье л гэж бодож байна даа.-

- Монголын чөлөөт бөхийн холбооноос дэлхийн аваргад өргөдөл гаргасан. Энэ талаар та мэдсэн үү? Үүний хариунд ямар нэгэн хүлээлт байна уу?

Хүсэлт өргөдлөө хүргүүлсэн гэсэн. Гэхдээ шийдвэрт нэг их хүлээлт алга. Угаасаа барилдааны шийдвэрт өөрчлөлт орохгүй. Барилдааныг шүүж байсан шүүгчдэд торгох эсвэл шүүх эрхийг нь хасах арга хэмжээ авч магадгүй. Тамирчдад бол хожлыг нь өгөх ч юм уу арга хэмжээ авна гэж байхгүй. Мэдээж тэмцээний шийдвэр үнэн зөвөөр гараасай гэж хүсч байна. 

- Таны хувьд энэ жилийн дэлхийн аварга мэдээж чухал тэмцээн байсан байх. Гэвч харамсалтайгаар хожигдол хүлээлээ. Таны хувьд ямар шийдвэр хүлээж байна?

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг маш их хүлээж, зорьж орсон.

Би 2021 оны Ослогийн дэлхийн аваргад алтан медаль авах боломжтой байсан ч шүүгч нарын буруу шүүлт болон өөрийн бага зэргийн алдаанаас болоод медаль хүртэж чадаагүй. Мөн 2022 онд дэлхийн хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдэж яваад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө сайн бэлдэж оролцсон. Дэлхийн чансааны гурван тэмцээнд түрүүлээд, Азийн тэмцээнд финалдаад энэ тэмцээндээ оролцсон юм. Жаахан харамсалтай л байна. Цаашид ямар ч шийдвэр гарсан бай өрсөлдөгч бид хоёрын барилдаанд ямар ч өөрчлөлт гарахгүй. Иймд ямар нэгэн хүлээлт байхгүй байгаа. Харин шүүгч нарт арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.