Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо “зээл судалсны шимтгэл” гэж зээлийн нийт мөнгөн дүнгийн нэг хувийг авдаг. Энэ нь хууль зөрчиж буй үйлдэл хэмээн ШӨХТГ-аас үзэж шүүхэд хандсан. Үүнийг арилжааны банкууд эсэргүүцэж гурван шатны шүүхэд давж заалдсан байдаг. Улмаар өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаж, ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хангасан юм. Ингэснээр ипотекийн зээл авсан иргэд банканд өгсөн нэг хувийн шимтгэлээ буцаан боломж нээгдээд байна. Харин хэзээ, хэнд хандаж, яаж авах гэдэгт хариулт ирж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
ҮЗЭХ:
-НЭГ ХУВЬТАЙ ДҮЙЦЭХ ЗАРДАЛ ГАРДАГГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН-
-Банкууд хууль зөрчиж “зээл судалсны шимтгэл” гэж нийт зээлийн нэг хувийг иргэдээс авдаг байсан нь шүүхээр тогтоогдлоо. Ер нь банкуудтай шүүхдэх процесс хэдэн онд яаж эхэлж байна?
-Банк иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус гэдгийг удаа дараа ярьж байсан. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай, Т.Аюурсайхан нар энэ асуудлыг хөндөж шүүхэд хандаж байсан ч шүүхийн шийдвэрээр албажиж чадаагүй зогссон. Тус хоёр даргын тухайд хяналт шалгалтыг дутуу явуулсан байх магадлалтай учраас ингэж зогссон. Намайг ШӨХТГ-т ажиллаж эхлэх үед өмгөөлөгч О.Батхүү “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч буй нь хууль бус. Тиймээс үүнийг шалгаж өгнө үү” гэдэг гомдлыг ирүүлсэн. ШӨХТГ-ын дарга нь Улсын ерөнхий байцаагч байдаг. Энэ хүрээндээ би удирдамж гаргаад хяналт шалгалтыг эхлүүлсэн. Гэвч банкуудын зүгээс “Бид ШӨХТГ-аар шалгуулахгүй. Монголбанк болон Банкуудын холбоо шалгадаг” гэсэн хариултыг тухайн үед өгч байсан. Тэгэхээр бид дараагийн алхам болох Зөрчлийн хэрэг нээгээд хяналт, шалгалтыг явуулсан. Зөрчлийн нэг хэргийг хоёр сарын хугацаанд шалгах ёстой. Хоёр сарын хугацаанд шалгаж дуусахгүй бол тухайн хэрэг нь нотлогдоогүй гэж үзээд хаагддаг. Яг энэ цаг хугацааны давчуу байдалдаа тохируулан зөвхөн ипотекийн зээлийг хамруулж шалгасан юм.
Угтаа бол банкны 20-30 төрлийн зээл бий. Энэ бүгдийг хоёр сарын хугацаанд шалгавал амжихгүй. Тиймээс шалгалтаа үр дүнтэй болгохын тулд ипотекийн зээлийг л шалгасан.
-Шалгалтаар банкууд 2021 оныг хүртэл ямар ч үндэслэлгүйгээр нэг хувийн шимтгэл авдаг байсан нь тодорхой болсон байдаг. Харин 2021 оноос хойш олгосон зээлийг заавал шүүхийн шийдвэртэйгээр эргэн олгохоор болсон. Үүний учрыг та хэлж өгвөл?
-Тиймээ. 2021 оныг хүртэл авсан нэг хувийн шимтгэл нь хууль зөрчсөн нь нэгэнт тодорхой. Өөрөөр хэлбэл, энэ оныг хүртэл зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авсан нь үндэслэлгүй байсан гэсэн үг. Тэгэхээр 2021 оноос өмнө зээл авсан иргэд ямар ч шүүхийн шийдвэргүйгээр шууд нэг хувийн шимтгэлээ буцаан авах ёстой гэсэн үг. Шалгалтын явцад арилжааны банкны төлөөллийг дуудаад “Ямар үндэслэлээр нэг хувийн шимтгэл авч байгаа вэ” гэж асуухад тодорхой тайлбарлаж чадаагүй.
Зээл олгоход хэдэн төгрөгийн зардал гардгийг манай байцаагч нар шалгалтын явцад мөн тодорхой болгосон. Ингэхэд нэг хувьтай дүйцэх хэмжээний зардал гардаггүй нь нотлогдсон. Тэгэхээр банкууд хууль зөрчиж нэг хувийн шимтгэл авдаг байсан гэсэн үг.
Нэг хувийн хэт өндөр шимтгэл авч байгаа нь хэрэглэгчийг хохироож байна гэдэг улсын байцаагийн дүгнэлт гаргаад Зөрчлийг арилгуулахаар шүүхэд хандсан. Үүний дараа арилжааны есөн банк шүүхэд гомдол гаргаж Банкуудын холбоо мэдэгдэл хийж байлаа. За ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхээс “Банкууд хууль зөрчсөн байна. Ингэхдээ үндэслэлгүй нэг хувийн шимтгэл авдаг байна” гэдэг шийдвэрийг гаргалаа. 2021 оноос өмнө авсан шимтгэл нь хууль бус юм гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, шимтгэл авч болно гэдэг ямар ч үг, үсэг байхгүй байхад шимтгэл авч байсан байна. Харин 2021 оноос хойш шимтгэл авч болно гэдэг хууль гарсан. Гэхдээ тэр хуульд нэг хувь гэж тодорхой зааж өгөөгүй. Өмнөх Иргэний хэргийн маргааныг харахад энэ бол гэрээний эрхийн маргаан байсан. Гэрээний маргааны хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг гэж Дээд шүүхээс тогтоосон байдаг. Тэгэхээр 2021 оноос өмнөх зээл авсан иргэдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр шүүх хүлээж авахгүй. Тиймээс бид 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрэгжиж буй хуулийн хүрээнд шимтгэлээ хуулийн дагуу авч байна уу, үгүй юу гэдгийг шалгасан гэсэн үг. Учир нь Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо иргэн өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах хугацааг тооцож байгаа юм.
-1995 ОНООС ХОЙШ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХУУЛЬ БУСААР ЗЭЭЛ АВЧ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН-
-Шалгалтын явцад арилжааны банкууд эсэргүүцэл үзүүлж байсан уу. Мөн нэг хувийн шимтгэлийг юунд зарцуулдаг гэж тайлбарладаг байсан бэ?
-Ер нь бол ШӨХТГ-аар шалгуулахгүй гэж байсан. Өөрсдөө тайлбарлахдаа “Нэг хувийн шимтгэлийг бүхий л зардалдаа зарцуулдаг байсан” гэсэн. Гэхдээ нотолж чадаагүй. Иргэн ипотекийн зээл авахдаа шардлагатай баримт материалаа өөрөө бүрдүүлж өгдөг. Банкны ажилтан байр очиж үзлээ гэхэд нэг хувьтай тэнцэх зардал гарахгүй. Гарч байгаа зардал нь 20 хуудас цаас л байгаа шүү дээ.
-Банкууд хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн төгрөгийн ашиг олсон байдаг юм бол. Энэ талаар ШӨХТГ судалж үзсэн үү?
-1995 оноос хойш 25 жилийн хугацаанд иргэдээс үндэслэлгүйгээр хууль бусаар нэг хувийн шимтгэл авч байсан байна. 2021 оноос хойш хуулийн дагуу авсан ч хэт өндөр буюу үндэслэлгүй шимтгэл авсан.
-Бусад зээлээс ч шимтгэл авч байгаа. Тэгэхээр бусад зээлийг олгохдоо ч нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авч байгаа талаар та бүхэн судалж үзсэн үү?
-Цалингийн, тэтгэврийн гээд олон зээл бий. Зээл олгоход гарч буй зардал нь ижил мөртлөө зээлийн дүн өсөх тусам өндөр шимтгэл авч байна. Энэ нь хүүгийн шинжтэй юм. Гэтэл энэ нь гарах зардалтай хамааралтай шүү дээ. Одоо ШӨХТГ саяны шүүхээр баталгаажсан шийдвэрээ бариад банкуудад албан шаардлага хүргүүлэх ёстой. Ингэхдээ бусад зээлийг олгохдоо гарч буй зардалдаа нийцүүлж шимтгэл ав гэдгийг мөн тусгах ёстой. Шалгалт хийлгүйгээр шууд хүргүүлэх ёстой. Нэг хувийн шимтгэл нь банкуудын шууд ашиг болж байгаа.
-Шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Одоо иргэд яаж мөнгөө буцааж авах вэ?
-Банкуудын холбооноос мэдэгдэл гаргасан байна лээ. Мэдэгдэлд цаашид нэг хувийн шимтгэл авахгүй. ШӨХТГ-ын тавьсан торгуулийг төлнө. Гэхдээ нэг хувийн шимтгэлийг нөхөж олгохгүй гэсэн байна лээ. Гэхдээ шүүхийн шийдвэрээр нэг хувийн шимтгэлийг заавал олгож иргэдийг хохиролгүй болгох ёстой. Шүүхээс шийдвэр гаргахдаа "ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт нь бодитой байна. Тиймээс банкуудын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно" гэсэн агуулгаар гарсан.
Харин ШӨХТГ-ын шийдвэр нь “Үндэслэлгүй тогтоосон нэг хувийн шийдвэрээ үндэслэлтэй болго. Яг одоо гарч буй зардалдаа нийцүүл. Зөрчлөө арилга. Зөрчлөөс үүдэн гарсан зөрчлийн үр дагаврыг арилга” гэсэн шүү дээ. Зөрчлийн үр дагавраар хэрэглэгчид хохирсон. Тэгэхээр тэдний хохирлыг барагдуулах үүрэг нь банкуудад бий. Тэгэхээр ШӨХТГ үүн дээр ажиллах ёстой. Ядаж банкууд гарч буй зардлаа нотлоод үлдсэнг нь иргэдэд буцааж өгөх ёстой юм.