Хилийн цэргийн 0252 дугаар анги үүсч хөгжсөний түүхэн яруу алдарт 50 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд хилийн цэргийн 0252 дугаар ангид ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, Хил хамгаалах ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд, тус ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид зэрэг хүмүүс хүрэлцэн ирж, оролцсон юм.
ВИДЕО:
Хилийн инженерийн тусгай ангийн анхны нэгж болох салаа рот 1973 онд байгуулагдан Хил хамгаалах байгууллагын удирдлагын бодлого шийдвэрээр улсын хилд үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй аж.
Хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдааны тугийг дэд хурандаа Ц.Үржиндэлгэрийн команд дор залснаар баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, ХХЕГ-ын Ар Тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн мэндчилгээг хүргэсэн юм. Улмаар 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар "50 жилийн хугацаанд салаа рот, тусгай батальоноос анги болтлоо өргөжиж ХХЕГ-т төрөл мэргэжлийн хэлтэс, анги, отрядуудад инженерийн алба байгуулагдан, зохих хүч хэрэгсэлтэйгээр улсын хил хамгаалалтын инженерийн хангалтыг зохион байгуулж байна.
Хилчин инженерүүд бид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хил хамгаалах байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улсын хилийн хэсэгт инженерийн байгууламжийг барьж байгуулах, хилийн цэргийн отряд ангиудад инженерийн хангалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх, тусгай зориулалтын автомашин механизмуудыг засварлан техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэн, сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн инженерийн байгууламжийг нэмэгдүүлснээр хилийн зөрчлийг 3.6 дахин, бэлчээрээр улсын хил давсан малын тоо 42.2 хувь буурсан үзүүлэлттэйгээр түүхт ойгоо угтаж байна" гэдгийг онцоллоо.
Харин тус ангид алба хааж анхны цэргүүд "Манай энэ ангиас "Хурд" хамтлагийн "Төрийн соёрхол" хүртсэн "Цэргийн бодол дуу анх төрж байсан түүхтэй. Үүгээр бид мөн бахархаж явдаг" гэдгээ цохон тэмдэглэж байлаа.