"Гэгээн муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулахаар болж, эхний шатанд шалгарсан уран бүтээлчиддээ батламж гардуулан өглөө

"Гэгээн муза" наадмыг есдүгээр сард зохион байгуулахаар болж, эхний шатанд шалгарсан уран бүтээлчиддээ батламж гардуулан өглөө

Театр урлагийн "Гэгээн муза" наадам 17 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн, МУГЖ С.Сарантуяа, “Гэгээн муза” наадам энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Арав дахь удаагаас эхлэн Нийслэлийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж, албан ёсоор Олон улсын наадам болсон. Манай наадамд оролцож буй гадны уран бүтээлчдийн тоо жил ирэх тусам олширч, илүү өргөн дэлгэр болсоор байгаа. Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний театрыг үүсгэн байгуулсан ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, ойн хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран зохион байгуулахаар зохион байгуулахаар төлөвлөөөд байна.

Энэ ажлын хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал явуулна. Уг хурал "Нүүдэлчний соёл сэтгэлгээ мэргэжлийн театрын суурь болох нь" гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм.

"Гэгээн муза" наадам таван төрлөөр драмын театрын шилдгүүдээ шалгаруулдаг. Зохион байгуулалтын хувьд хоёр төрлөөр явуулна. Энэ жил түрүү жилийнхээс илүү олон уран бүтээлүүд ирж, эхний шатны үзлэгээ гуравдугаар сарын эхнээс тавдугаар сарын 22-ны хооронд явууллаа.

  1. Драмын жүжгийн төрөл
  2. Хүүхдийн жүжгийн төрөл
  3. Нэг хүний жүжгийн төрөл
  4. Хоёр хүний жүжгийн төрөл гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Хөгжимт жүжгийн төрөл энэ жил хасагдсан байгаа" гэлээ.

Энэ жилийн драмын жүжгийн төрөлд:

  1. “Сычуаны сайн хүн”
  2. “Тамгагүй төр”
  3. “Опал”
  4. “Шөнө буусан аадар”
  5. “Инээмтгий хүн”
  6. “Ууган хүү”

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  1. “Миний аав супер баатар”
  2. “Асаж буй толгод”
  3. “Шидэт модны үр”
  4. “Хамгийн том олз”
  5. “Модон зам”

Хоёр хүний жүжгийн төрөлд:

  1. “Хунгийн дуу”
  2. “Зуун иений тус”
  3. “Мянга нэгэн шөнийн үлгэр”
  4. “Задлан”
  5. “Рио”
  6. “Зэрлэг онгоноороо”

Моно жүжгийн төрөлд:

  1. “Хэмхэрхий дүрснүүд, галт шувуу”
  2. “Би ирлээ”
  3. “Ричард III”
  4. “Илвад үйлдвэрлэв”
  5. “Элсэн цаг”
  6. “Салхины сүйт бүсгүй” гэсэн уран бүтээлүүд наадамд өрсөлдөнө.

Ингээд уламжлал ёсоор “Гэгээн муза” наадамд оролцохоор болсон уран бүтээлчиддээ батламжийн хуудсыг гардуулан өглөө.