Өнгөрсөн тавдугаар сарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед дэмжлэг авсан болон зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томъёоллоор санал хураалгах үед Ардчилсан намын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Ингээд үргэлжлүүлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн учир тус хуулийн хэлэлцүүлэг тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм.
Тэгвэл тус хуулийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногоос дахин хийж эхлэх нь. Тус хууль хэрэгжиж эхэлснээр англи хэлийг гуравдугаар ангиас зааж эхлэх юм. Мөн Боловсролын багц хуулиар 6 шинэчлэлийг хийнэ. Үүнд, хот хөдөө, төр болон хувийн сургуулийн ялгааг арилгахын тулд хамгийн эхэнд санхүүжилтийн асуудлыг хөндөнө. Удаад нь хөтөлбөрийн шинэчлэл. Дэндүү их академик буюу танхимын боловсрол олгож байгааг болиулна. Гуравдугаарт, багшлах боловсон хүчний асуудал байх болно. Багш бэлтгэх, ажлын байран дээрээ очоод давтан сурах, зөв үнэлэмжээр үнэлүүлэх гэх зэрэг асуудал энд багтана. Дөрөвдүгээрт, дүнгийн тогтолцоо. Энэ бол хуурамч дүнгийн тогтолцоо юм. Тавдугаарт, сургууль цэцэрлэгийн засаглалын асуудал яригдана. Цаашид шатлан дэвших зарчим үйлчилдэг байх болно. Зургадугаарт, цахим шилжилтийг нэрлэж байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн билээ.