Баян-Өлгий аймагт 14 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан осолд хариуцлага нэхэж зарим иргэд жагсчээ

Баян-Өлгий аймагт 14 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан осолд хариуцлага нэхэж зарим иргэд жагсчээ

Өнгөрсөн сарын 27-ны өдөр /2023.05.27/  Баян-Өлгий аймгийн Төв талбайд 15 хүүхэд гэмтсэн осол гарсан. Тодруулбал, хүүхдийн тоглоомын хийлдэг гургуур салхинд хийссэний улмаас 15 хүүхэд гэмтсэнээс нэг нь нас барж, дахин нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа юм. 

Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм. Тэгвэл өчигдөр /2023.06.01/ буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Баян-Өлгий аймгийн зарим иргэд тус хэрэгт хариуцлага нэхэж төв талбайдаа жагссан байна. Тэд хэн нэгэн албан тушаалтнуудыг буруутгах бус хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахыг шаардан ийнхүү жагссан гэдгээ энэ үеэр хэллээ. Тухайлбал, иргэн н.Ерболат "Уг осолтой холбоотойгоор аймгийн удирдлагууд хүүхдүүдийн эцэг, эхээс уучлалт гуйхыг шаардаж байна. Биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийг эргэж очоосой. Эрүүл болгохын тулд өөрсдөөс шалтгаалах ажлыг хийгээсэй. Хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлээсэй гэж хүсч жагсаж байна. Ер нь тоглоомын талбайд стандарт шаардлага тавьж ажиллаагүйд гайхаж байна" гэсэн юм. 

Ташрамд дурдахад, Одоогоор эмнэлэгт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн тоглоомыг ажиллуулж байсан аж, ахуй нэгж нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ.