О.Баасанхүү: Эхнэр бид хоёр бага хүүдээ зориулж, "Аз жаргал гэж юу вэ?" номын зохиолыг өөрсдөө бичиж, зургийг нь эхнэр маань зурсан /ВИДЕО/

О.Баасанхүү: Эхнэр бид хоёр бага хүүдээ зориулж, "Аз жаргал гэж юу вэ?" номын зохиолыг өөрсдөө бичиж, зургийг нь эхнэр маань зурсан /ВИДЕО/

Ном бол ертөнцийг харах цонх мөн хэмээн В.И.Ленин хэлсэн байдагчлан хүүхэд багачуудад номоор дамжуулан ертөнцийг таниулахаар хичээж буй нөр их хөдөлмөрийн эзэд бол хүүхдийн номын зохиолчид билээ.

Бид энэ удаа хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан өөрийн хүүдээ зориулж, бяцхан хэмжээний зурагт номоо гаргасан Улсын Их Хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй номынх нь талаар болон, хүүхдийн аз жаргал гэж чухам юу болох талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу? Танд юуны өмнө эх үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан таны гаргасан хүүхдийн номны талаар ярилцахыг хүссэн юм. Хүүхдийн номоо анх хэдэн онд гаргаж байсан бэ? Яагаад өөр зохиол биш хүүхдийн номын зохиолыг сонгох болов?

-Юуны өмнө нийт хүүхэд багачууддаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Миний хувьд энэхүү номоо хүүдээ зориулж бичсэн. 2018 онд УИХ-ын гишүүн байхад хүү маань төрж, 2019 онд нэг нас хүрэхэд нь хүүдээ юу бэлэглэвэл зүгээр вэ гэж бодож байгаад өөрийн санааг шингээсэн ном гаргавал зүгээр юм уу гэж бодсон. Мөн тухайн үед хүүхдүүдэд зориулсан "Аз жаргал гэж юу вэ, хүүхдийн инээмсэглэл гэж юу вэ" гэх төсөл хэрэгжүүлж байсан үе. Түүндээ зориулж анх номоо бичих болсон.

Ном гэхэд бас арай ч ахдах болов уу. Зүгээр миний зүгээс өөрийн хүүхдэдээ хэлэх гэсэн үгс, захиас гэхэд болно.

-Гарчгийн талаар бас асуумаар санагдлаа. Яагаад "Аз жаргал гэж юу вэ?" гэсэн гарчиг болоод сэдвийг сонгох болов?

-Хүүхдүүдээс аз жаргал гэж юуг хэлэх вэ? гэж асуухад янз бүрээр л хариулах байх. Магадгүй идэж уух амттан, өмсөж зүүх хувцас, тоглож наадах тоглоом гэх мэт. Номын маань гол санаа нь ерөөсөө л гэр бүл, элэг бүтэн амьдрал, эх үрийн хайр л жинхэнэ аз жаргал юм шүү гэдгийг хүүхэд багачуудад энгийн ярианы хэллэгээр, сонирхолтой байдлаар харуулахын тулд зургаар үйл явдлаа мөн илэрхийлж харуулсан. Гол нь номыг маань уншаад аз жаргал гэдэг чинь одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдрахыг хэлдэг юм байна шүү гэсэн бага ч атугай зүйлийг ойлгож авбал номоо бичсэний ашиг тус гарах болов уу гэж бодож байна.

Эцсийн эцэст ээждээ үнсүүлээд, тэврүүлэх л хамгийн том аз жаргал байдаг.

-Номын зураг бас их сонирхолтой санагдаж байна. Зургийг нь танай эхнэр өөрөө зурсан гэв үү. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Бид 2018 онд хүүхдийн инээмсэглэл, гэр бүлийн аз жаргал гэсэн төсөл хэрэгжүүлж байсан. Төслийнхөө хүрээнд хүүхдүүдэд бэлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн орчныг сайжруулах, төрөх эмнэлгийн тохижилтыг хийх, өвдөж зовсон хүүхдүүддээ тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийсэн юм. Тухайн үеийн бидний төслийн маань лого энэ номны дээр харагдаж байна.

Номны зурагны хувьд манай эхнэр зурсан.

Эхнэрийн маань аав зураач хүн байсан. Тэр утгаараа манай эхнэр зураг зурах их сонирхолтой. Гэхдээ яг үндсэн мэргэжил нь бол хуульч хүн байгаа юм.

-Та бас түрүүн хэлсэн. Номондоо өөрийгөө харуулсан гэсэн. Аль хэсэгт нь юм бол?

-Харагдаж байгаа энэ зурган дотор гэр бүлээрээ байна. Надаас манай хүү асуудаг л даа. "Энэ үлгэрийн аав нь хаана байгаа юм бэ?" гэж. Энэ үлгэрийн ааваар би өөрийгөө төлөөлүүлж харуулсан юм. Тухайн үед гишүүн байхдаа бараг гэртээ үзэгддэггүй л байлаа. Өглөө хүүхэд унтаж байхад гараад орой унтаж байхад нь ордог байсан. Тиймээс өөрийгөө энэ талаас нь номдоо харуулж өгсөн. Нэг үгээр хэлбэл завгүй болохоор аав нь гэртээ байхгүй байгааг үйл явдал болоод энэ зургаар илэрхийлж байгаа юм.

Мөн номын маань гол үйл явдлын зураг нь ээж бамбарууш хоёрын энэ зураг. Ээж нь хүүгээсээ "Миний хүү яагаад инээмсэглэхгүй байгаа юм бэ?" гэж асуухад хүү "Би аз жаргалгүй байна" гэж хариулж хариулаад, жаргалтай газар хүн тогтохгүй гэгчээр байгаа аз жаргалаа мэдрэлгүй, залхсандаа ганцаараа аялалд гарахаар явсан ч эцэст нь бүх зүйлээс залхаад хамгийн их аз жаргал өгдөг хүнээ санасан. Тэр нь мэдээж ээж. Тэгээд нэг ийм гэгээлэг, 1-3 настай хүүхдэд зориулсан ном байна даа.

-Номоороо дамжуулан эцэг эхчүүдэд хүргэхийг зорьсон санаа бий юу? Мөн энэ номоо хэвлэлтэнд гаргасан болов уу?

-Эцэг эхчүүд маань үр хүүхдээ баяр баясал, инээд хөөрөөр битгий дутаагаарай. Үр хүүхдүүд минь өсөхдөө идэж уусан амттан, тоглож өссөн орчин жинхэнэ аз жаргал бус ээж чинь, гэр бүл чинь л жинхэнэ аз жаргал чинь юм шүү гэсэн санааг оруулж, гэр бүлээ, үр хүүхдээ хайрлаарай гэх санааг хүүхэд багачууд болон эцэг эхчүүддээ хүргэхийг зорьсон.

Энэ номоо 2019 онд 5000 гаруй хувь хэвлэж 2-5 насны хүүхдүүдэд үнэгүй тараасан байгаа.

-Эцэг эхчүүд хүүхдээ ном уншуулах, шимтэн дурлуулахад юуг анхаарч, ямар арга барилаар сургах ёстой бол таны бодлоор?

-Миний бодлоор энэ дэлхий дээр зөв буруу, санй муу асар олон мэдээлэл байна. Түүнийг номоос, цахимаар гэхчилэн маш олон янзаар авдаг. 1990 оны үе шиг яг наанаа суугаад энийг унш гэж хэлбэл хүүхэд хүлээж авахгүй. Гол нь эцэг эх нь өөрөө хүүхдэдээ хэрэгтэй номыг нь сонгож, хэлд орох үеэс нь л эхлэн ном уншиж өгөх хэрэгтэй байна. Ном уншихыг шаардах бус өөрсдөө уншихыг хүсдэг болгоход нь анхаарч, хөтлөн чиглүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр эх үрсийн баяр болж байна. Маш олон бага насны хүүхдүүд ээждээ хөтлүүлчихсэн тоглож наадаад гүйж байна. Түүнтэй адил хүүхэд бол юу ч болж байсан өөрт нь аз жаргал өгдөг тэр хүн буюу ээжийгээ, гэр бүлээ санадаг гэсэн санааг л ном маань харуулж өгсөн юм.

-Номынхоо талаар зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

-Танай хамт олонд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө