Б.Буяннэмэх: Стандартын бус 1100 гаруй нүхэн жорлонг устгаж, 3050 нүхэн жорлонг шинэчлэхээр ажиллаж байна

Б.Буяннэмэх: Стандартын бус 1100 гаруй нүхэн жорлонг устгаж, 3050 нүхэн жорлонг шинэчлэхээр ажиллаж байна

БОАЖЯ-аас өнгөрсөн дөрөв болон тавдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх: Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын гадна орчны их цэвэрлэгээг улс даяар хийж хэрэгжүүлж байна.

Эрүүл аюулгүй орчныг бий болгох, аялал жуулчлалын бүс нутгийг цэвэрлэх хүрээнд улсын хэмжээнд сүүлийн хоёр сард 46 мянган га талбайг 42 мянга гаруй иргэд, ажилчид цэвэрлэсэн бөгөөд нийт 10 мянга гаруй тонн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн зүй бусаар хорогдсон малын 66 мянга гаруй сэг зэмд халдваргүйжүүлэлт хийж, булж цэвэрлэсэн бөгөөд стандартын бус 1100 гаруй нүхэн жорлонг устгаж, нийслэлийн хэмжээнд 3050 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд авто машин засварын 296, дугуй засварын 121, тос тосолгооны 15, машин угаалгын 152, сэлбэг худалдааны 59 байгууллага болон бусад хөрс бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн байгаль орчны газраас хяналт шалгалт хийсний үндсэн дээр 675 аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний бохирдлын дүн шинжилгээг албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад нээлттэй, үнэгүй үйлчлэх боломжийг хангах үүднээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас  CU сүлжээ дэлгүүрийн 300 салбар, GS25 сүлжээ дэлгүүрийн 157 салбар дэлгүүрийн нийтийн бие засах газар иргэдэд үнэгүй үйлчлэх чиглэл өгсөн. Мөн автобусны зургаан буудал, 10 city toilet-ийн ашиглалтыг хариуцан хамтран ажиллаж, ариун цэврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

БОАЖЯ-аас “Ногоон зээл”-ийн хүрээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахтай холбоотой байгаль орчинд ээлтэй шинэ техник технологийг худалдан авах боломжийг бүрдүүлсэн зээлийн үйл ажиллагаа эхлээд гурван жилийн нүүрийг үзэж байна. Улсаас төсөв мөнгийг шийдсэн тул цаашдаа ч үргэлжилнэ" гэжээ.