Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн Бямба гарагт /2023.05.27/ эхэлсэн.
Тус бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сүн Шюэжүнь болон Өмнөговь аймгийн удирдлага болон Гурвантэс сумын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.
Энэ үеэр Боомтын хөгжлийн сайд Б.Тулга “Засгийн газрын тэргүүлэх зорилт боомтын сэргэлтийн хүрээнд нийт шинэ сэргэлтийн бодлогын 50 хувь нь боомтын сэргэлтийн төсөл. Энэ хүрээнд хэрэгжиж буй ажлууд нь Боомтын сэргэлтийн төсвөөс хөрөнгө оруулалт авч хийж байгаа төсөл харьцангуй цөөн байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаднын банкнуудын хөрөнгө оруулалтын зээлээр нэлээд олон төсөл явж байна. Тухайлбал, Увс аймагт байрлаж буй Боршоо боомтын үйл ажиллагаа энэ есөн сард эхэлнэ. Тус боомтын бүтээн байгуулалтын ажил дууссан одоо зөвхөн тавилга, тоног төхөөрөмжөө хүлээж байгаа. Харин Алтанбулаг боомтын нээлт энэ зундаа багтаж, тээвэр ложистикийн хэсгээс эхлэн хэсэгчилж орно. Мөн энэ оныг дуусахаас өмнө зорчигчийг хэсэг нь ашиглалтад орох ёстой. Уг ажилд Засгийн газар хүч тавина ажиллаж байна. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа хувийн хэвшил, компаниудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлаас үүдэж хүндрэл их гарсан. Улмаар ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдээс хамаарч үр дүн нь харилцан адилгүй байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт бид Бичилт боомтын суурьшлын бүсэд ажилласан. Тус боомтын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ боомтын бүтээн байгуулалтын ажил зам талбайн ажлаас эхэлж ардаас нь барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил явна. Ингээд Бичилт боомтын бүтээн байгуулалтын ажил 2024 оны арванхоёрдугаар сард дуусаж, бүрэн ашиглалтад орох ёстой. Тиймээс энэ бүтээн байгуулалтын ажлын явцад гарч буй гацаа болон асуудлыг шийдвэрлэхээр Хилийн боомтын захиргаа, Боомтын хөгжүүлэх төслийн баг ажиллаж байна. Үүнээс гадна боомтын сэргэлтийн хүрээнд боомтыг хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу өргөжүүлэхээс гадна боомтын ерөнхий төлөвлөлтийг тухайн бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, хиллэж буй боомтуудтай уялдуулж, төлөвлөх ажлыг энэ жилдээ багтаан хийж дуусгана. Ингэд чадвал бидний яриад байгаа Цагаан хад орчмын суурьшлын бүс, Шивээхүрэн дээр үүсэж байгаа суурьшлын бүсүүдэд ажиллаж амьдарч буй иргэдийн нөхцөл байдал энд ажиллаж буй уурхайнуудын хоорондын зохицуулалттай холбоотойгоор үүсэх цахилгаан, дулаан, ус гэх мэт дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх ёстой.
Мөн удахгүй сургууль, цэцэрлэгийн асуудал Боомтын сэргэлтийн төлөвлөлтөд буух ёстой. Өмнө нь боомт гэдгийг зөвхөн хоёр орны хилээр зорчих хэсгээр төсөөлдөг байсан бол одоогийн Засгийн газар Боомтын сэтгэлтийг бүхэл бүтэн цогцоор нь харж, төсөл боловсруулдаг болж байна.
Ингэж байж бид өнөөдөр Монгол Улсын ажиллаж буй бүх боомтоор эрдэс баялгаа бусад улстай худалдаа хийж гаргахад хамгийн ихдээ 40 сая тонныг л гаргаж чаддаг байсан. Үүнийг л маш богино хугацаанд буюу гурван жилийн дотор хамгийн багадаа гурав дахин цаашлаад дөрөв дахин нэмэгдүүлж, төмрийн хүдэр, зэс, нүүрсийг экспортолж тэр хэмжээгээрээ Монгол Улсад орж ирэх валютын орлого нэмэгдэж Монголчуудын ярьж буй нийгэм, бүтээн байгуулалтын асуудлуудыг шийдэх бололцоо үүсэх юм. Тиймээс бид энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хувийн хэвшил иргэдтэйгээ хамтран зүтгэх цаг ирсэн байна" гэсэн юм.
ВИДЕО: