С.Мойлтмаа: Бөмбөгдөлтийн дуунаар сэрэхэд дайн эхэлсэн байсан тул тусламж авах боломжгүй мөргөлдөөний голомтод гацсан /ВИДЕО/

С.Мойлтмаа: Бөмбөгдөлтийн дуунаар сэрэхэд дайн эхэлсэн байсан тул тусламж авах боломжгүй мөргөлдөөний голомтод гацсан /ВИДЕО/

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Судан Улсын Хартум хотод зэвсэгт мөргөлдөөн болж, цэргийн томоохон хүчнүүдийн дунд дайн дэгдсэн. Энэ үеэр тус хотод ажиллаж байсан Монгол Улсын иргэн НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон зэвсэгт хүчний цэрэг залуу мөргөлдөөний халуун цэгт гацсан юм. Улмаар ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран зэвсэгт мөргөлдөөн болсон аюултай бүсээс иргэдээ гаргахаар ажиллаж, дайн эхэлснээс 15 хоногийн дараа  аюулгүй газарт хүргэсэн билээ.

ВИДЕО:

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Суданы армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мухаммед Хамдан Дагало нар хоорондоо санал зөрөлдсөний улмаас Судан Улсын Хартум хотод талууд өөр хоорондоо гал нээж дайн эхэлсэн. Тус зэвсэгт мөргөлдөөний улмаас гурван өдрийн дотор 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархадсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн. Иймд Судан Улс агаарын хилээ хааж Хартум хотод байсан жирийн иргэд аюултай бүсэд гацсан юм. Түүнчлэн дайн одоог хүртэл үргэжилж байгаа бөгөөд хэд хэдэн удаа галаа зогсоож энгийн иргэдийг гаргах уулзалт хэлэлцээр болсон ч үр дүнд хүрээгүй хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар мөргөлдөөний улмаас 23 сая хүн маш хүнд байдалд байна.

Тэгвэл мөргөлдөөний халуун цэгээс ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ дэмжлэг болон өөрийн эр зоригоор амжилттай гарч, эх орондоо ирээд буй НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаатай бид болсон явдлын талаар ярилцлаа.

-НҮБ-ын "эд эс" болж хүний эрхийн төлөө албан үүргээ гүйцэтгэж явахдаа томоохон зэвсэгт мөргөлдөөний бүсэд гацаж, хүнд өдрүүдийг давж эх орондоо ирлээ. Юун түрүүнд танд баяр хүргэж, тус улсад томилогдож очсон үйл явцаас яриагаа эхэлье?

-Баярлалаа. Миний хувьд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд тав дахь жилдээ ажиллаж байна. Судан улсад 2023 оны хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн Судан дахь салбарт томилогдсон. Байгууллагуудтай уулзалт хийж, хүүхдэд туслахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сар ажиллахаар очсон юм. Очоод сар хагас болж байхад буюу дөрөвдүгээр сарын 15-нд дайны нөхцөл байдал үүссэн.

-Мөргөлдөөн хэрхэн эхлэв. Энэ үеэр та хаана юу хийж байсан бэ?

-Би гэртээ байсан. Хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан юм. Судан улс даяар хүмүүс амарч, зугаалаад явж байхад өглөө есөн цагийн үед талууд нэгэн рүүгээ гал нээж эхэлсэн. Судан улсын нийслэл Хартум хотын нисэх онгоцны буудал нь яг хотын төвдөө байдаг. Нисэх онгоцны буудлаа тойроод үндсэн гол обьектууд, төрийн байгууллагууд, орон сууцны хорооллууд байдаг. Манай гэр нисэх буудлаас 200 метрийн зайтай буюу маш ойрхон байсан. Өглөө унтаж байхад яг манай гэрийн хажууд маш чанга дэлбэрэлт болсон. Босоод юу болж байгааг харахад нисэх онгоцны буудалд маш их цэргийн зэвсэг, техникүүд ирчихсэн, хоорондоо аль хэдийнээ буудалцаад, байлдаад эхэлсэн байсан.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа

-Кино шиг л санагдсан болов уу?

-Тиймээ. Тухайн мөчид маш их цочирдож нэг талаар гайхсан ч нөгөө талаар энэ нь түр зуурын мөргөлдөөн юм байх гэж бодсон.  Итгээгүй гэх юм уу. Ер нь Африкийн улс орнуудад зэвсэгт мөргөлдөөн нэлээд болдог шүү дээ. Судан улс ч мөн сүүлийн дөрөв, таван жил мөргөлдөөнтэй байгаа. Ялангуяа баруун мужуудад маш их зэвсэгт мөргөлдөөн болдог. Тэрний л нэгэн адил богино хугацааны мөргөлдөөн болж байгаа юм болов уу гэсэн хүлээлт байсан. Тиймээс эхний нэг өдрийг маш их айж өнгөрөөсөн. Хоёр дахь өдрөөсөө эхлээд энэ дайн зогсохгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Мэдээж гэрийнх нь ойролцоо эхэлсэн учир аюулын эрсдэл өндөр байсан байх. Аюултай нөхцөл байдлууд үүссэн үү?

-Яг манай гэрийн хажууд 24 цаг зогсолтгүй дайн болсон. Дайн юунаас эхэлдэг вэ гэхээр яг гол обьектуудаа эзэлж авахаас эхэлдэг юм байна лээ. Тэгэхээр онгоцны буудал, томоохон телевиз, төрийн ордны барилгууд нь яг хотын төвдөө буюу манай гэрийн эргэн тойронд байрладаг. Тиймээс эргэн тойронд битүү зэвсэгт байлдаан өрнөж байсан.

-Нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудад хэзээ мэдэгдсэн бэ?

-Хоёр дахь өдрөөсөө эхлэн өөрийнхөө нөхцөл байдлын талаар ямар ч байсан мэдэгдэх ёстой юм байна гэж бодоод Гадаад харилцааны яамны Консулын газарт мэдээлэл өгсөн. Тэр өдөр нь яг бүтэн сайн өдөр байсан учир маш хүндрэлтэй байсан хэдий ч холбоо тогтоосон. Манай гэр бүлийнхэн бас Консулын газартай холбогдоод мэдээлэл өгсөн. Тэгээд гурав дахь өдрөөс нь буюу Даваа гарагаас эхлээд Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Жанжин штаб гэх мэтчилэн маш олон байгууллагууд надтай холбогдож, анхаарал тавьж эхэлсэн.

-Тусламж оруулах боломжгүй. Мөн гарах боломжгүй байсан гэсэн. Ийм нөхцөлд хэд хоносон бэ?

-Долоо хоног барилгаасаа гарч чадаагүй. Угаасаа эхний өдрөөс эхлээд НҮБ-аас анхааруулга, мэдээллүүд ирсэн. "Маш хүнд нөхцөл байдал үүссэн тул байгаа газраа байрлана уу" гэсэн зөвлөмж ирсэн. Би тухайн өдөр нь гэртээ байсан учраас гэртээ л нуугдах арга хэмжээ авсан. Бидэнд "цонхноос хол, гэрийнхээ хамгийн аюулгүй байрлалд байна уу" гэж зөвлөсөн тул цонхгүй гал тогооны өрөөндөө ширээн доор нуугдах арга зам л үлдсэн.

Үндсэндээ бол яг долоон хоног гэртээ өөрийгөө хамгаалж байсан. Хамгаалахдаа орны матрас гэх мэтчилэн зузаан зүйлсээр өөрийгөө тойруулсан. Хамгийн гол нь дайны үед суманд оногдохгүй ч гэсэн дэлбэрэлтээс болж цонх хагархад оногдож шархтах, нас барах тохиолдол маш их байдаг гэсэн заавар ирсэн. Тиймээс өөрийгөө тийм зүйлээс аль болох сайн хамгаалж, долоон өдрийг өнгөрөөсөн.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа

-Долоо хоногт мөргөлдөөний нөхцөл байдал ямар байв?

-Ер нь бол өдөр ирэх тусам хүнд болж байсан. Дайн гэдэг чинь яг нэг цэгт байхгүй, давших байдлаар л явна шүү дээ. Эхлээд манайхаас хоёр зуун метрийн зайд байсан бол зуун метрийн зайд ирээд дараа нь гэрийн гадаа ирсэн. Хамгийн гол нь агаарын довтолгоонууд их байсан. Эхний өдрөөс эхлээд л пуужин харвах, сөнөөгч онгоцуудаар бөмбөгдөх зэргээр агаараас маш их довтолж байсан учраас манай барилга хэзээ ч бөмбөгдөлтөнд өртөх боломжтой байсан. Эргэн тойрны барилга ч бөмбөгдүүлээд эхэлчихсэн байсан.

-Байрнаасаа хэзээ гарсан бэ?

-Яг зургаа дахь өдрөөсөө эхлээд манай барилга бөмбөгдүүлж эхэлсэн. Долоо дахь өдрөөс эхлэн тэндээсээ гарч явахаас өөр арга замгүй болоод аюулгүй газар шилжих арга хэмжээ авсан. Нийслэлдээ байлдаж байгаа хэдий ч тодорхой бүсүүдэд арай намжмал байсан. Тиймээс бидэнд НҮБ-аас дөрвөн үндсэн байршлыг зааж өгөөд "энэ байршилд яаралтай, өөрсдийнхөө чадах аргаар ирцгээнэ үү" гэсэн.

Тус дүүргээс тухайн улсын иргэд ч дайжиж байсан, гадаад иргэд ч гарч байсан. Манай дүүргээс гарах гэж байгаа хүмүүс хоорондоо албан бусаар буюу ямар нэгэн байдлаар холбогдож хэн нь юугаар тусалж чадахаа ярилцаад бие биедээ туслаад явсан. Миний хувьд түр очсон байсан учраас машин байхгүй. Тиймээс машинтай хүн л бараадах арга зам л байсан. Тухайн үед Голланд улсын иргэн, Элчин сайдын орлогч хүн манай дүүргээс зугтах гээд бэлтгэлээ хангаж байсан. Машиндаа хоёроос гурван хүн сууж болно гэсэн учраас манай байрнаас НҮБ-ын гурван ажилтан суугаад тэр бүсээс гарч таван км-ийн зайд байрлах аюулгүй бүсэд очсон. Гэхдээ 100 хувь аюулгүй гэхэд хэцүү дэргэд нь байлдаж байгаа ч арай хол л байсан.

-Аюулгүй газар руу явах үеийн нөхцөл байдал ямар байв. Мөргөлдөж буй талуудтай таарч байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Аюулгүй газар хүртэл машинаар явсан. Замдаа мэдээж байлдаж байгаа хүмүүстэй таарсан. Тааралдсан үед яах талаарх зөвлөгөөг НҮБ болон Батлан хамгаалахын яамнаас өгсөн. Муслим шашинтай улс орон учраас аль болох битүү урт хувцас өмсөх, нарны шил зүүхгүй байх,  машины бүх тенийг хуулах, цонхоо онгорхой явах ч гэдэг юм уу нарийн зөвлөмжүүдийг өгсөн. Мөн өөртөө байгаа бүхий л зүйлээ өгөхөд бэлэн байх, ямар ч үед татгалзаж болохгүй гэх мэт зөвлөгөөг өгсөн. Бид явах замдаа мөргөлдөөний талуудтай тулгарсан. Тэр үед өөртөө байгаа бүх л үнэтэй зүйлсээ өгөөд цааш гарах шийдвэр гаргаж арай аюулгүй бүсэд очсон. Тэндээс эхлээд л яг үндсэн аврах ажиллагаанууд хийж эхэлсэн.

-Аврах ажиллагаа хэдэн шат дараалалтай яаж байсан бэ?

-НҮБ-ын ажилтнууд болон заасан байршлууд цугласан иргэдийг Суданы усан боомт руу хүргэсэн. Дайны үеэр хамгийн эхэнд нисэх онгоцны буудлаа бөмбөгдсөн учраас онгоц ирж, очих ямар ч боломжгүй байсан. Мөн Судан улс агаарын хилээ хаачихсан. Олон улсад мөн анхааруулсан байсан.

Манай агаарын хилээр ямар нэгэн онгоц орж ирэхэд аюултай. Унагаана шүү гэж анхааруулсан. Тиймээс ямар ч улс онгоцоор иргэдээ татаж авах боломжгүй байсан. Үндсэндээ бүх улсын иргэд маш хүнд байдалд орсон. Америк, Японы улсууд хүртэл иргэдээ авч чадахгүй маш хүнд байдалд байсан.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа

Тэгэхээр бидний хувьд газраар л ямар нэгэн байдлаар аль нэг улсын хил рүү дөхөх сонголтод тулсан. НҮБ болон  Олон улсын ажилтнууд, тэдний ар гэр гээд мянган хүний асуудал тэнд яригдаж байсан. Тэр хүмүүс долоон өдрийн дотор заасан дөрвөн байршилд цугласан. Порт Судан гэдэг газар хүртэл бараг 35 цаг гаруй автобусаар явсан. Улс даяараа байлдаж байгаа учир мөргөлдөөн хаа сайгүй байсан. Тэр байлдааны дундуур аюулгүй зорчих арга хэмжээгээ өөрсдөө л авсан. Тэндээсээ цааш хамгийн ойр хамгийн аюулгүй улс Саудын Араб байсан тул усан онгоцоор тийшээ явсан. Тэндээсээ НҮБ-ын ажилтнууд маань аюулгүй улсууд руу хүргэгдсэн. Миний хувьд Кени улс руу яваад тэндээсээ Монголынхоо нийслэлд ирсэн. Үндсэндээ бол дайн гарснаас 15 хоногийн дараа аюулгүй газар очсон гэсэн үг.

-ГХЯ, БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд иргэдээ аюулгүй бүсээс гаргатал боломжит бүх аргаар туслалцаа үзүүлж байсан гэсэн?

-Тиймээ. Консулын газар надтай маш эрчимтэй хамтран ажилласан. Гадаад харилцааны яам маань улсынхаа иргэдийг аврах гэж буй томоохон орнуудад миний талаар мэдээллүүдийг хүргэж, иргэдтэйгээ хамт аврах ажиллагаа явуулж өгөөч гэсэн хүсэлт явуулж байсан. Тэр нь миний хувьд маш сайхан мэдрэмж. Эх орон нь өөрсдийнхөө иргэдийг аврахын төлөө бүхий л чадлаараа ажиллаж байсан.

-Өөр нэг монгол иргэн байсан гэх мэдээлэл байсан?

-Гурав дахь өдөр нь ГХЯ-аас "Наана чинь өөр нэг монгол иргэн байна" гэсэн мэдээллийг надад өгсөн. Тэр нь Батлан хамгаалах яамны цэргийн ажиллагаанд явсан хүн байсан. Тэр хүн маань нислэгээ солиод цааш цэргийн бааз руугаа нисэх гэж яваад гацсан байсан. Тиймээс ямар нэгэн утас холбоо барих зүйл юу ч байгаагүй. Байршлыг нь илрүүлэхэд манайхаас 1.5 км зайд байрладаг буудал байсан. Тэр Монгол иргэний болон миний байсан газрууд дайны хамгийн идэвхтэй цэг. Тэнд бөмбөгдүүлж байгаа бол манайд ч адилхан бөмбөгдүүлж байдаг. Яг л ижилхэн хоёулаа л хүнд нөхцөлд байдалд байсан.

Мөн аюулгүй газарт хүрэх гэж явахдаа замд таарсан цэргийн хүмүүст эд зүйлсээ хураалгах ёстой болсон. Би утсаа өгсөн. Тэгээд үндсэндээ би өөрөө ч бүх хүнээс холбоо тасраад, нөгөө цэргийн хүнээсээ ч холбоо тасарсан. Гэхдээ НҮБ-ын шугамаар монголын хоёр иргэн байлдааны аюултай бүсээс гарлаа гэсэн мэдээллийг авсан. Цаашаа Порт Судан гэдэг газар луу нэг шугамаар хүргэгдсэн. Гэхдээ бид энэ хугацаанд хоорондоо нэг ч уулзаагүй.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа

-Энэ бүх шатыг давж, хүнд зүйлстэй тулгарч гарч ирэхэд мэдээж сэтгэлзүйн хувьд тэвчээр, хүч шаардсан байх?

-Тухайн мөчид өөрийгөө зоригжуулах маш их хэрэгцээ гарч байсан. Яагаад гэвэл 10 минутын дараа амьд байх уу, үгүй юу гэдгээ өөрөө ч мэдэхгүй нөхцөл байдалд байсан. Тэр үед ар гэрийнхэн, ажлынхан, найз нөхөд бүгд л маш их сэтгэлийн дэм өгч байсан.

Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны тодорхой мэргэжилтнүүд, дарга нар надтай цаг тутам холбогдож бодитой сэтгэл зүйн дэмжлэг өгч байсан. Тэд "Хэдийгээр дайны нөхцөлд байгаа хэдий ч өдөр тутмын хийдэг зүйлсээ хийж байгаарай" гэж хэлсэн. 

Жишээлбэл, ном уншдаг бол номоо унших, дасгал хийдэг бол дасгалаа хийх, хоол ундаа заавал идэх, ус сайн ууж байх гэх мэт. Маргааш нь юу даван туулахыг мэдэхгүй тэртээ тэргүй онгоц очоод авахгүйгээс хойш нэгэнт хол замыг туулах нь тодорхой гээд мэргэжлийн хүмүүс тайлбарлаж өгөхөд олон зүйл ойлгож өөрийн бие сэтгэлээ бэлтгэж байсан. Тэгэхгүй бол сэтгэлээр унаад галзуурсан хүмүүс ч тэр хавьд байсан.

-Ирээд сэтгэлзүйн эмчилгээнд хамрагдсан уу. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Тэнд байх хугацаандаа сэтгэлээ чангалсан байсан учир эх орондоо ирээд тайвшрах хэрэгцээ мэдээж гарна. Харин энэ зүйлд мэргэжлийн туслалцаа ялангуяа анагаахын туслалцаа хэрэг болдог юм байна. Тэнд байсан цэргийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тусалж зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Сэтгэл зүйч нартай уулзахад "2-5 жилийн дараа болсон үйл явдлыг мартдаг" гэж хэлсэн. Энэ талаарх судалгаа ч байдаг юм байна лээ.

-Харин биеийн байдал ямар байв?

-Бие махбодын хувьд ч бас маш хурдан доройтоход хүрсэн тухайлбал ус, хоол, хасаж маш урт замыг янз бүрийн нөхцөл байдалд туулсан. Биеийн эрүүл мэндийн хувьд өөрчлөлт гарсан хэдий ч богино хугацаанд байсан тул хурдан сайжирч байгаа.

-Мөргөлдөөний голомтод гацаж, нөхцөл байдлыг биеэр хараад ирсэн хүний хувьд энэ бүх үйл явдлыг дүгнэж хэлбэл?

-Суданд болсон зүйл нь тухайн улс дотор болсон зөрчилдөөн байсан. Аль нэг улс тэдэнтэй байлдаагүй. Тиймээс улс дотроо өөрсдөө энх тайвныг сахиагүй, эрх чөлөөгөө дээдлэхгүй бол хүнд байдалд ордгийг харлаа. Тухайн улсын иргэд өөрсдийнхөө улсын иргэдийг алж хөнөөж байна. Одоогийн байдлаар нийт 23 сая хүн маш хүнд нөхцөлд орсон. Түүний 13 сая нь хүүхэд байна. Тиймээс НҮБ эргээд маш хүнд нөхцөл байдалд орж байгаа хүүхдүүдэд туслах шаардлагатай болно. Өмнө нь бол найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүнд байдалд байгаа хүүхдүүдэд туслахаар ажиллаж байсан бол одоо тэр тоо маань эргээд өсөж, нөхцөл байдал улам хүнд болсон. НҮБ буцаад эрчимтэй ажиллаж байна.

Үндсэндээ сургамж нь аливаа зөрчилдөөнийг энхийн замаар ард олон нь хэлэлцэж, шийдвэрлэж байх маш чухал юм байна. Нэг улсын иргэд ч гэсэн нэгнээ үзэн ядсан байдал нь эргээд ийм том гамшгийг дагуулдаг юм байна.

Хэн нь ч хэнийгээ аврах ямар ч боломж байхгүй, бүх хүн өөрийнхөө амийг л аврах үндсэн үүрэгтэй болж байгаа юм. Тиймээс хэн нэгэнд найдах боломжгүй байдаг юм байна лээ.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

-Та бүхэнд бас баярлалаа.