БАРИМТ: "Эрдэнэт үйлдвэр" авлигын өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд үүнд нь Б.Цэнгэлийн хийсэн бүтцийн өөрчлөлт зэрэг нөлөөлжээ

БАРИМТ: "Эрдэнэт үйлдвэр" авлигын өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд үүнд нь Б.Цэнгэлийн хийсэн бүтцийн өөрчлөлт зэрэг нөлөөлжээ

Авлигатай тэмцэх газраас "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хуулийн этгээд, байгууллагын авлигын эрсдэлийн түвшин судалгаа"-аар 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг хамруулан зургаан шалгуураар үнэлгээ хийжээ.

Ингэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь эрсдэл өндөр буюу нийт төрийн өмчит компаниудаас дөрөвт эрэмбэлэгдсэн байна. Учир нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн бүтцийг оновчтой тодорхойлоогүйгээс дотоод хяналтын үйл ажиллагаа алдагдаж, албан тушаалтнуудыг эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хяналт тавих, хариуцлага хүлээлгэх тогтолцоо алдагдсан байжээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцдоггүй, нэр бүхий албан хаагчид авлигын гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь үүнд нөлөөлсөн байна.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН БҮТЦИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ӨӨРЧИЛЖ БАТЛАХДАА ДОРДУУЛЖ, МУУТГАЖЭЭ-

Тухайлбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны зургадугаар сарын 09-ний өдрийн 283 дугаар тогтоолын хавсралтаар "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн баталсан аж. Уг өөрчлөлтөөр өмнөх Монгол оросын хамтарсан үйлдвэрийн бүтцээс дордуулж, компанийн засаглалын талаас ухралт хийж, хяналтын нэгжүүдийг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хааж, нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлсэн байна.

Тодотговол Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн бүтцэд дотоод хяналтын нэгж, чанарын хяналтын нэгж нь ерөнхий захирлын шууд удирдлага доор байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 283 тогтоолоор батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр Ерөнхий захирлын доор Тамгын газрын дарга, Ерөнхий инженерийн орон тоог бий болгосон байна. Мөн Тамгын газрын даргын харьяанд Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газар, Хүний нөөц, Эдийн засаг, Санхүү нягтлан бодох бүртгэл, Хуулийн хэлтэс, Дотоод хяналт гэх зэргээр таван газар, есөн хэлтэс, найман байгууллага, хоёр цехийг хариуцаж, төсөв, худалдан авалт, хяналтыг нэг доор, нэг хүний мэдэлд хариуцуулан, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй ажлын байрыг бий болгосон аж

Товчхондоо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй ажлын байрыг бий болгосон нь АТГ-ын шалгалтаар ил болсон байна.

Түүнчлэн Ерөнхий инженерийн харьяанд Үйлдвэрлэл техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги, хөгжлийн газар, Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрлэл, Чанарын хяналт зэрэг хоёр газар, 10 хэлтэс, долоон цех, хоёр хүрээлэнг хариуцуулсан байгаа нь үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн процессын явцын болон бусад бүтээгдэхүүний чанарын хяналтыг нэг доор төвлөрүүлж, бүтээгдэхүүний чанарт хөндлөнгийн хяналтад тавих боломжгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий инженер нь өөрөө үйлдвэрлээд өөртөө хяналт тавих зохион байгуулалтын бүтэцтэй болсон нь албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал олгох, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг авлигын гэмт хэрэг, зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс АТГ-аас эл асуудалд анхаарал хандуулахыг тус үйлдвэрийн захирал Г.Ёндонд зөвлөжээ. 

-"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЕСӨН ГИШҮҮНИЙ НАЙМ НЬ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН БАЙГАА НЬ АЖИЛТНУУДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ БАЙНА-

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Ёс зүйн зөвлөл-ийн бүрэлдэхүүний дийлэнх нь удирдах албан тушаалтан байгаа нь ажилтнуудаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэхэд хэт нэг талыг барих, гомдлыг шийдвэрлэхгүй дарах, гомдлыг буцаах эрсдэлийг дагуулж байгаа нь АТГ-ын шалгалтаар ил болжээ.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 11 дүгээр сарын хоёрны өдрийн 4/55 тоот зөвлөмжид "Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн"-д ажилтны төлөөллийн тоог нэмэгдүүлж, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгч байсан аж. Гэвч тус үйлдвэр нь өнөөг хүртэл үүнийг хэрэгжүүлэхгүй, ажилтны төлөөллийг ёс зүйн хорооны гишүүнээр нэмээгүй байна. Үйлдвэрийн Ёс зүйн зөвлөлийн есөн гишүүний найм нь үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдах албан тушаалтан байгаа бол нэг нь ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга багтжээ.  Энэ нь ёс зүйн зөвлөл ажилтнуудаас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэхэд хэт нэг талыг барих, гомдлыг шийдвэрлэхгүй дарах, гомдлыг буцаах эрсдэлийг дагуулж байгаа аж. Мөн ёс зүйн хороог тогтмол хуралдуулдаггүй буюу ёс зүйн холбогдолтой гомдол мэдээллийг хугацаанд шийдвэрлэхгүй удааж, гомдлыг нэгдсэн байдлаар нэг хурлаар хамтад нь шийддэг болох нь тогтоогджээ.