Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.05.25/ “Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бий болгох, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгажээ.

“Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10 бүлэг, 51 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:

-Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын чанар стандартад нийцүүлж, салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирна. 

-Бие даасан үйл ажиллагаа явуулах, орон тооны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх боломжтой болно.

-Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангаж, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.

-Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг салбарын сайд С.Бямбацогт онцлон танилцуулав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн баярын өдрөөр УИХ-д өргөн ийнхүү мэдүүллээ.