Хуурамч диплом 700 мянгаар гаргуулж, цэцэрлэгт ажиллаж байсан арга зүйчид 600 мянган төгрөгөөр торгох ял ногдуулжээ

Хуурамч диплом 700 мянгаар гаргуулж, цэцэрлэгт ажиллаж байсан арга зүйчид 600 мянган төгрөгөөр торгох ял ногдуулжээ

БШУЯ-наас сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн талаараа мэдээлж, энэ асуудал нэг хэсэг олны анхааралд ороод байсан. Тэгвэл хуурамч диплом ашиглаж, боловсролын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж эхэлжээ. 

Тухайлбал, Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд сурсан мэтээр Багш арга-зүйч гэсэн мэргэжлээр бакалаврын диплом гаргуулан авч улмаар Чингэлтэй дүүргийн .... дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан этгээдийн хэргийг энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. 

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ..... дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн ..... дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орсон болох нь шалгалтаар илэрсэн байна. Эл хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.  

23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах

1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 

Ц.А  нь мөрдөн байцаалтын явцад “...2007 оны зургадугаар сард Монгол Улсын боловсролын их сургуулийн өмнөх боловсролын сургуульд сурсан мэтээр Багш арга-зүйч гэсэн мэргэжлээр бакалаврын диплом гаргуулан аваад 700-800 мянган төгрөгийг өгсөн" гэдгээ мэдүүлж байсан аж. 

Харин тэрбээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар шүүх хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэжээ. Шүүх шүүгдэгч Ц.А гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 мянган төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.