ШУУРХАЙ: А.Адъяасүрэнгийн эзэмшиж байсан нүүрс тээврийн “Тэнгри транс групп”-д давуу байдал олгосон гэх гаалийн байцаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: А.Адъяасүрэнгийн эзэмшиж байсан нүүрс тээврийн “Тэнгри транс групп”-д давуу байдал олгосон гэх гаалийн байцаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр /2022.04.05/ мэдээлэл хийх үеэрээ "Нүүрсний далд бизнест УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн холбоотой" гэдгийг тодотгож байсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьцаа эзэмшиж байсан компанид давуу байдал олгож байсан гэх нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, “Тэнгри транс групп”, “Гранд импорт”, “Бүрэн транс ложистик”, “Бейбен транс”, “Банч транс”, “Нямхишиг транс”, “Эко глобал ложистик” зэрэг 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, хүнд даацын автомашинуудын мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгон, хахууль авсан хэрэгт Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан О.Түмэнцогт, тус боомтын Гаалийн газрын улсын байцаагч Ц.Түвшинжаргал, Д.Баттогтох, Д.Удвалцэцэг, Э.Батбаяр тэргүүтэй 22 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. 

Тэгвэл дээрх хэрэгт холбогдоод буй “Тэнгри транс групп”-д УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хувьцаа эзэмшиж байсан ч тэрбээр гишүүн болохынхоо өмнө тус компанийнхаа хувьцаа эзэмшигчээс хасагдсан байдаг.

Тэнгри транс групп ХХК-ийн эзэмшигчдийн мэдээлэл. 2023.03.28-ны байдлаар

Хамгийн ноцтой нь "А.Адъяасүрэн нүүрсний далд бизнест холбоотой" гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийн дараа 2022 оны дөрөвдүгээр сард 21 /2022.04.21/ -ний өдөр “Тэнгри транс групп”-ийн удирдлага нь солигдсон байгаа юм.  Үүнээс үзвэл, "магадгүй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өдгөө нүүрсний хэрэгт холбоотойгоор шүүхэд шилжээд буй хэрэг зэрэгт холбоотойгоор ийнхүү хувьцаа эзэмшиж байсан компанийнхаа удирдлагыг сольж, хариуцлагаас мултрах гэж байна уу" гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр А.Адъяасүрэн нь тус компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан ч түүнийг эл компанитай холбоотой байгаа гэдгийг нүүрс тээврийн жолооч нар тодотгодог юм.