ВИДЕО: Хүчтэй цохилтын улмаас 12 хоног ухаангүй байгаа тоглогч Ж-ын ээж: "нүдээ нээж чадахгүй болтлоо зодуулсан хүүгээ хараад таниагүй

ВИДЕО: Хүчтэй цохилтын улмаас 12 хоног ухаангүй байгаа тоглогч Ж-ын ээж: "нүдээ нээж чадахгүй болтлоо зодуулсан хүүгээ хараад таниагүй

Korea Boxing East (KBC)-ээс Солонгос /БНСУ/-т зохион байгуулсан “Мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцсон монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсны улмаас комд орж, 12 хоног ухаангүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, "Энэ сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээн болсон. Тус тоглолтын үеэр цэнхэр өмсгөлтэй монгол тамирчныг өрсөлдөгч нь хүнд цохилтоор унагасан. Улмаар цохилтын цочролд орсон монгол тамирчин тархины цус харвалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй. ” талаар БНСУ-ын SBS телевиз мэдээлсэн. Мөн бидний олж мэдсэнээр тус тэмцээнд оролцуулахаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва монголоос боксын найман тамирчин авч явсан бөгөөд тэдний нэг нь Ж байжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО:

Тэгвэл БНСУ-ыг зориод буй тоглогч Ж-ын ээж болон түүний дасгалжуулагч Д.Лхагваа нар SBS телевизэд ярилцлага өгчээ. SBS телевизийн мэдээлснээр "БНСУ-д газардаж, хүүгийнхээ тухай мэдээг сонссон ээж нэг үг ч хэлэлгүй эмнэлэг рүү яарч явлаа. Харин түүнийг дагалдаж Монголын боксчин ноён Д.Лхагваа хамт явж байна" хэмээн сурвалжилгынхаа эхэнд дурдсан юм.

Гэмтэл авсан тоглогч Ж-ын ээж "Миний хүү өрхийн тэргүүн. Сая хүүгээ харлаа. Маш хэцүү харагдаж байна. Миний хүүг л босгоод өгөөсэй гэж бодож байна. Нүдээ нээж чадахгүй болтлоо зодуулсан хүүгээ хараад миний хүү мөн юм болов уу гэж бодсон. Маш хэцүү, хүнд байна. Ээж нь хүүгээ сэрээсэй гэж залбирч, хажууд нь байх болно. Хэрэв тулааны үед эмч байсан бол, урьдчилсан үзлэг хийсэн бол би өнөөдөр харийн оронд ийм гунигтай суухгүй байлаа" гэжээ.

Харин Д.Лхагваа "Манай тамирчид цохиулаад гараад л байсан. Тэр үед тэр хүн /зохион байгуулагч/ ирээгүй. Тэмцээний үеэр байгаагүй. Тэр тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг БНСУ-ын боксын холбоо өгсөн. Энд хоёр асуудал байна. Хэрвээ Солонгосын боксын холбоо эмч байхгүй гэх шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй бол ийм юм болохгүй. Мөн эмч гаргаад эртхэн үзүүлсэн бол ийм юм болохгүй. Монголд бүх юм стандартын дагуу явдаг" гэсэн байна. Түүнчлэн уг ярилцлагын үеэр дасгалжуулагч Д.Лхагваа "Тамирчин Ж-г хүнд цохилтод орж гэмтэл авсны дараа анхан шатны тусламж аваагүйг онцлон ярьжээ.

Тэрбээр "Түргэний эмч дуудаарай гэсэн ч тэнд байсан хэн ч ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн хэн ч рингэн дээр гараагүй. Тиймээс бэртэл авсан /хөлөө хугалж, тархиндаа цус харвасан/ тоглогч Ж өөрөө 20,30 метр алхсан.

Солонгосын боксын комиссоос тоглогчийг тархины архаг цус алдалттай, тэмцээнд оролцсон гэсэн. Энэ худлаа. Тийм байх ямар ч боломж байхгүй. Манай тамирчин өмнө нь олон үзлэгт хамрагдаж байсан. Өнгөрсөн сарыг хүртэл ямар нэг хэвийн бус байдал гаргаагүй. Хэрэв тоглолтын үеэр рингний эмч байсан бол байдлыг иймд нь тулгалгүй ямар нэг арга хэмжээ авах боломж байсан. Тоглолтыг удирдаж байсан Солонгосын боксын хорооноос гаргасан тоглоомын дүрэмд рингний эмч нар тоглолтын өмнө тоглогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тоглолтын үеэр гэнэтийн нөхцөл байдалд бэлтгэгдсэн байх ёстой ч үүнийг мөрдсөнгүй" гэжээ.