Костюм пиджак, цагаан бээлийтэй жолооч 10 жилээс бага насжилттай машинаар такси үйлчилгээ эрхлэх стандартыг Д.Сумъяабазар нар баталсан ч МӨРДӨГДӨХГҮЙ байна

Костюм пиджак, цагаан бээлийтэй жолооч 10 жилээс бага насжилттай машинаар такси үйлчилгээ эрхлэх стандартыг Д.Сумъяабазар нар баталсан ч МӨРДӨГДӨХГҮЙ байна

Одоогоос яг нэг жилийн өмнө "Улаанбаатар хот анх удаа Хотын стандарттай боллоо" хэмээн шуугьж байсан.

Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан Улаанбаатар хотод мөрдөгдөх Хотын стандартыг баталж, 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс /2022.10.01/ хэрэгжүүлж эхлэхээр тогтсон байдаг. Гэвч энэхүү Хотын стандарт нь мөрдөгдөхгүй байгаа юм. Тухайлбал, "UCS1605B:2022 Такси үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага хотын стандарт" нь мөрдөгдөхгүй байна.

Тус стандартад зааснаар такси үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн насжилт 10 жилээс бага байна гэж заажээ.

Мөн таксинд "ТАКСИ" гэсэн бичиглэл бүхий гэрлэн хаяг /симфор/, таних тэмдэг, аж ахуйн нэгжийн эмблем харилцах утасны болон автомашины гараашийн дугаарыг тавьж, таксометрээр болон түүнтэй ижил төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой гэдгийг дурджээ. Харин таксины жолооч нь зорчигчтой мэндлэх, соёлтой найрсаг үйлчилгээ үзүүлэх бөгөөд ачаатай зорчигчийн ачааг ачих, буулгах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай болохыг тус стандартад дурдсан байна.

Мөн такси бүхээгт тавих радио, хөгжмийн чанга сулыг зорчигчийн хүсэлтэд нийцүүлэх бөгөөд жолооч нь хар, хар хөх өнгийн костьюм пиджак цагаан, цайвар цэнхэр цамц, зангиа цагаан бээлий өмссөн байх шаардлагатай гэжээ.

Тус стандартаар бол Улаанбаатар хотод явж буй таксинууд нь 10 жилээс бага насжилттай, цагаан цамц, хар хөх өнгийн костьюм пиджак, цагаан бээлий өмссөн жолооч үйлчилгээ үзүүлэх учиртай юм. Гэтэл өдгөө Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй "такси" гэгдэх тээврийн хэрэгслүүдэд энэ стандарт мөрдөгдөхгүй, мөрдөх ч боломжгүй стандарт гэх зүйлийг баталж байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.