Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулахаар болжээ

Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулахаар болжээ

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулахаар болсон.

Уг өөрчлөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орохоор болжээ. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нарны гүүрний доод талын буцаж эргэх чигийг эсрэг хөдөлгөөнтэй болгосонтой холбогдуулан нийтийн тээвэрт дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн Ч:61 буюу Офицеруудын ордон, МУБИС, 120 мянгат, Алтай хотхон, ТЭЦ 3 чиглэлийн маршрут нь Нарны гүүрэн доогуур буцаж эргэдэг байсан бол шинэ төлөвлөлтөөр Чингисийн өргөн чөлөөнөөс хойшоогоо яваад Механик, тээврийн сургуулиар шууд зүүн тийшээгээ эргээд "River Stone" хотхоны урд талд зогсоод зорчигчдоо буулгаж суулгах үйлчилгээг үзүүлнэ. Мөн Ажилчдын гудамжны чиглэлээр хойноосоо урагшаа яваад Мото буудлага спортын төвийн баруун талын автобусны буудал дээр зогсдог байсан бол шинэ төлөвлөлтөөр Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны үүдэнд тус тус шинээр нийтийн тээврийн зогсоолыг байгуулна.

Өмнө нь зөвхөн ганцхан зогсоол байсан бол замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд зохион байгуулснаараа Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны урд зогсоолыг бий болгож иргэддээ илүү хүрч үйлчлэхээр зохион байгуулж байна. Тухайн чиглэлд нийт 5 чиглэлийн 57 автобус 423 рэйсээр үйлчилгээ үзүүлдэг” гэв.