Бусдын өмчлөх эрхэд халдаж 34 тооны бод мал хулгайлсан иргэнд хорих ял оногдуулжээ

Бусдын өмчлөх эрхэд халдаж 34 тооны бод мал хулгайлсан иргэнд хорих ял оногдуулжээ

Г.О нь 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сум Богдын гол багийн нутаг дэвсгэр Өндөр толгой гэх газраас Ц.Э-гийн хүрэн зүсмийн 1 тооны морь, 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Мод үржүүлгийн урд талаас Ж.Ч-гийн хонгор зүсмийн 1 тооны морь, 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Мах боловсруулах үйлдвэр орчмоос Ш.Х-гийн хээр алаг азаргатай 11 тооны адууг 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг "Модон тан” гэх газраас М.Ж-гийн 21 тооны үхрийгхулгайлсан хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийгшүүхэд ирүүлсэн.

"Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдаг.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүх Г.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.О-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан "тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн /морь/-ны үнэ 1300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосон. Бусдад учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.