Г.Эрхэмбаяр: Богинохон хугацааны уур бухимдлаасаа болж бусдыг гэмтээж, шүүхээр "ялтан" хэмээн эрхээ хасуулах шиг хэцүү зүйл байхгүй /ВИДЕО/

Г.Эрхэмбаяр: Богинохон хугацааны уур бухимдлаасаа болж бусдыг гэмтээж, шүүхээр "ялтан" хэмээн эрхээ хасуулах шиг хэцүү зүйл байхгүй /ВИДЕО/

Манай улсад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-35 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн бөгөөд ялихгүй зүйлээс болж хоромхон хугацаанд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдсаны улмаас хоёулаа хохирч, шүүхээр ял шийтгэгдэх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа аж.

Иймд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг таниулах зорилгоор гуравдугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг /2023.03.15-31/ хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд бид ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, Онцгой байдлын хурандаа, МУ-ын аварга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайн сайн байцгаана уу. Үзэгч, уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайхан бөхчүүдийн магнайд таныг гарцаагүй нэрлэнэ. Таныг барилдаан бүрийнхээ өмнө аавынхаа өгсөн мөнгөн аяганд цайны дээжээс амсаад зодог шуудгаа бүслээд гардаг уламжлалтай гэх. Ер нь барилдаан бүрийнхээ өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг талаар ярилцлагаа эхлүүлье?

-Тийм ээ. Тийм үе бий. Барилдаан бүрдээ өөрийгөө бэлдэхдээ өрсөлдөгчөө судалж, өөртөө асар их тайтгарлыг мэдрүүлэхийг зорьдог доо. Ганц бөх ч гэлтгүй бүхий л спортод уужуу тайвнаар, ухаан, мэхээрээ үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би ч энэ зарчмаа ганц спортод ч гэлтгүй амьдрал дээрээ хэрэгжүүлдэг. Миний хувьд их тайван байж л барилдаанаа үргэлжлүүлж амжилт ороодог.

-Тайван байх тухайд яривал одоогийн 18-35 насны залуус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ихээр өртөж, улмаар ял эдлэх тохиолдох нэлээдгүй гарах болсон. Таны хувьд мөн хууль, цэрэг хүчний байгууллагын хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Маргалдаж улмаар богинохон хугацааны уур бухимдлаасаа болж нэгийгээ, найзыгаа хүнд гэмтээх, цаашлаад амь насанд нь хүрч олон жил аав ээж, ах дүү, гэр бүлээсээ хол хүний эрхэнд байх шиг хэцүү юм байхгүй. Би чинь цэргийн хүн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагат тамирчнаар болон биеийн тамирын зааварлагчаар олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн.

Ажиллаж байх хугацаандаа сайхан залуу халуун насандаа хүний эрхэнд орчихсон эрхээ хасуулчихсан олон залуучуудтай уулзаж, тэд нарынхаа яриаг сонсож явж байсан л даа. Тэр бүрийг сонсоход сэтгэл өвдөх шиг болдог. Эр хүний хувьд, ах хүний хувьд тэр шүү дээ.

Иймд залуучууд маань хуулийнхаа хүрээнд ухамсарлаж ойлгож, бие биедээ хүндэтгэлтэй харьцаж, бие биеийгээ уучилж чаддаг байх л хэрэгтэй гэж миний зүгээс хүсдэг.

-Нэр нөлөө бүхий спортын салбарын тамирчид хүчээ тэмцээндээ биш гадуур бусдад гаргаж буй олон түүх бий л дээ. Иргэд ч үүнд маш их шүүмжлэлтэй ханддаг. Ер нь тамирчин хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Ер нь бол манай спортынхон эрт дээр үеэсээ багш нарын удирдлага дор, ахмад бөхчүүдийн сургаалаар их хатуужилтай байдаг. Би олон жил цэргийн байгууллагаар явж байгаа учраас энэ спорт болон байгууллагынхаа хоорондын харилцааг сайн мэднэ. Би залуудаа өглөө бэлтгэлдээ гараад ядраад орой орондоо ордог байсан юм даг. Найзуудтайгаа гадуур явж архи дарс уух зүйл огт байгаагүй.

Спорт гэдэг биеийн хүчний дасгал сургуулилт их хийдэг онцлогтой болохоор энгийн хүнээс бие бялдрын хувьд илүү болчихсон байдаг. Тэр хүчээ дэвжээн дээр л гаргах ёстой болохоос биш хэн нэгнийг бэртээж, гэмтээх цаашлаад амь насанд нь халдахад ашиглах огт ёсгүй.

Би боддог юм. Нөгөө талаасаа монголчууд маань бөхчүүдээ ер нь спортынхныгоо маш их дээдэлдэг улс шүү дээ. Тиймээс ч түмний хайр ивээлээр хүн болж хүмүүждэг байх гэж. Иймд ганц л тохиох амьдралаа үрэн таран хийж, нэгнийгээ болон өөрийгөө ч хохироох үйлдэл бүү хийгээсэй гэж дахин дахин захимаар байна. Баярлалаа




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө