ТОДРУУЛГА: Ж.Соронзон нь гадаад улсад зорчих талаар хэрэгт хяналт тавьж буй прокурорт албан ёсоор мэдэгдээгүй

ТОДРУУЛГА: Ж.Соронзон нь гадаад улсад зорчих талаар хэрэгт хяналт тавьж буй прокурорт албан ёсоор мэдэгдээгүй

Монгол, Оросын III сургуулийн захирал асан Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгаж буй.

Харин өнөөдөр /2023.03.13/ сэтгүүлч С.Будрагчаа, “Яллагдагч Ж.Соронзон хил даваа зугтлаа. Тэрбээр шалганыг амжилттай даваад онгоцондоо суух гээд гэйт дотор сууж байна” гэсэн мэдээллийг нийтэлсэн. Харин Ж.Соронзон энэ талаар "Би хилийн хориггүй. Ээлжит эмчилгээ шинжилгээ хийлгэх шаардлагаар явж байна. Оргон зугтах шаардлагагүй" гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийгээд байгаа юм.

Тэгвэл Ж.Соронзонд холбогдох хэргийн явц ямар байгаа талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Иргэн Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад, шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг одоо прокурор хянаж байна.

Прокуророос Ж.Соронзонд “Монгол Улсын хилээр гарахыг” хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Иргэн Ж.Соронзон нь гадаад улсад зорчих талаар хэрэгт хяналт тавьж буй прокурорт албан ёсоор мэдэгдээгүй байна" гэлээ.