ВИДЕО: Тэтгэврийнхээ мөнгөөр гурван ахмад нийлж "гэр, байшинг бүрэн халаах боломжтой нарны халаалт"-ыг зохион бүтээжээ

ВИДЕО: Тэтгэврийнхээ мөнгөөр гурван ахмад нийлж "гэр, байшинг бүрэн халаах боломжтой нарны халаалт"-ыг зохион бүтээжээ

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим хүч зэрэг багтдаг. Тэгвэл үүнээс дэлхий дахинд нарны эрчим хүчийг дийлэнх тохиолдолд ашигладаг бөгөөд хэрэгцээт цахилгаан болгон хувиргах технологи өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.

Тодруулбал, МУ-ын зөвлөх гурван инженер нийлэн тэтгэврийнхээ мөнгөөр гэр, байшинг нарны эрчим хүчээр бүрэн халаах боломжтой нарны хавтанг зохион бүтээж, утаанаас салах аргыг боловсруулжээ. Isee.mn сайт энэ удаа "Наран" халаалтын багийн хийц хэсгийн зураг, тооцоо хариуцсан инженер Д.Банзрагч болон МУ-ын зөвлөх инженер, "Наран" халаалтын багийн нарны судалгаа, дулааны тооцоо, автоматжуулалт хариуцсан инженер Б.Равдандорж, МУЗИ, МУ-ын гавьяат барилгачин, “Наран” халаалтын төслийн багийн барилгын хашлага бүтээцийн дулаан алдалтын тооцоо хариуцсан инженер Ш.Хүрэлтогоо нарыг онцоллоо.

ВИДЕО:

-Сайн байна уу. Орчин үед гэр байшинг шалаар халаах, цахилгаан халаагуураар халаах гэх мэт маш олон арга, техник бий болсон. Та бүхний энэхүү наран халаалтын хавтан нь дээрх бүгдээс юугаараа онцлог вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Д.Банзрагч: Тэгэлгүй яах вэ. Бидний наран халаалтын хавтан гэж нэрлээд буй энэхүү хавтан нь туршилтын үедээ явагдаж байгаад одоо иргэдэд хүрэхэд бэлэн боллоо гэж үзэж танилцуулж байна. Анх 2019 оноос дулаан хуримтлуулагчийн судалгаагаа эхлүүлж 2021 онд нарны коллекторын судалгаагаа албан ёсоор явуулж дууссан. Энэхүү хавтан маань гэр, байшинд тун тохиромжтой бөгөөд нарнаас эрчим хүч авч халаах нь байгальд болон иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг энерги хуримтлуулахгүй гэдгээрээ тун онцлог. Тогны хувьд ч маш их хэмнэж байгаа.

-Нарыг ашиглаж ийнхүү халаалтын хавтан хийх санаагаа анх хаанаас хэрхэн олж байв?

- Б.Равдандорж: Одоогоос дөрвөн жилийн өмнө хоёр давхар баригдаж байсан барилгын грашд туршилтаар нэг хавтангаа тавьж байсан юм. Тухайн үед юм бодоогүй өвөлжиж байтал тэр грашд махаа тавьдаг байсан хүн мах хөлдөхөө байлаа гэхээр нь яваад очтол нэмэх 16 градустай байсан. Ингээд л санамсаргүй ажилласан хавтангаа илүү боловсронгуй болгох боломжтой юм байна гээд сэдэл авч эхлүүлсэн дээ.

-Нийт хэдэн мкв хавтангаар гэр, байшинг бүрэн халаана гэж тооцоолж байгаа вэ?

Д.Банзрагч: 2.2мкв хавтан 25 мкв-ыг халаах бүрэн боломжтой. Гэрийн хувьд хананд орлуулж барих, нөгөөх нь гэрийн гадна талд тавиад барих хоёр янз байж болно. Хот суурин газарт буюу нүүж суугаад байдаггүй айлд хамгийн тохиромжтой нь ханандаа орлуулж барих. Мөн жуулчны баазууд, уурхай, гэр кемпүүд ч ашиглах бүрэн боломжтой.

-Баталгааны хувьд?

-Б.Равдандорж: 10 жилийн баталгаатай. Шуурга, салхинаас хамгаалаад хөдөлгөөнгүй байвал 10 жил байна. Сольж болно.

Бид нар эдийн засгийн тооцооныхоо хувьд коллекторынхоо материал, хөдөлмөр зарцуулалт, борлуулалт гэх мэт төсөв гарчихсан. Харин жилдээ нэг айл дунджаар хэдэн уут түлээ түлш хийж байна, энэхүү халаалт хэр хэмжээнд хэмнэлттэй байх вэ гэсэн харьцуулсан судалгааг одоохондоо хийгээгүй. Гэхдээ хэд дахин хямд байна гэдгийг мэдэж байна.

Бид гурав бол тэтгэврийн мөнгөөрөө бор зүрхээр хийж байгаа улс. Дахиад жаахан хөрөнгө шийдчих юм бол бүр ч илүү зүйл хийх шийдлүүд зөндөө бий.

-Мөн нарны эрчим хүчийг ашиглаад өөр зүйл туршиж байх шиг харагдсан. Танилцуулж болох уу?

-Д.Банзрагч: Тиймээ. Бид гурав зөндөө л зүйл туршиж үзэж байна. Жишээлбэл нарны тусгалын ойлтыг ашиглан маш хурдан хугацаанд ус буцалгаж, хоол хийх боломжтой нарны плитка зохион бүтээгээд туршилтын хугацаандаа явж байна. Үүн дээр анхаарах ёстой зүйл нь дулаанаа сайн шингээхийн тулд сав нь хар өнгөтэй байх ёстой гэх мэт зүйлс бий.

-Энэхүү наран халаалтын хавтан нь өвөл, зуны улиралд ялгаа  их гарах байх. Хэт халах үед хэрхэн тохируулах боломжтой вэ?

Д.Банзрагч:  Нарны тусгалаас халаалт нь хамаарна. Тийм учраас тусгалыг нь тааруулахын тулд нараа дагуулж хөдөлдөг гар ажиллагаатай юм ард нь бий. Өвлийн эд 12,1 сард 90 гаруй градус ч халдаг.

-Өнөөдрийн хувьд жишээлбэл жаахан бүрхэг өдөр байна шүү дээ. Иймэрхүү өдрүүдэд нарны тусгалаа хангалттай авч чадахгүй байх шиг байна. Тэгэхээр өмнөх өдөр авч байсан нарны энергиэ эндээ хуримтлуулаад гэрээ халааж болно гэж ойлгож болох уу?

-Тийм болно. Хуримтлуулагч байгаа. Нартай өдөр хуримтлуулагчдаа дулаанаа хуримтлуулаад хуримтлуулагчаасаа аваад дараа наргүй өдрөө халаана. Харин олон долоо хоног цас ороод ч юмуу тиймэрхүү үед цахилгаан халаагуурын дэмжлэг авч болно.

-Цаашдаа илүү боловсронгуй болгон ажиллана гэсэн шүү дээ. Нэмэлтээр юу юу хийх зорилт тавьж байна вэ?

Б.Равдандорж: Монголын нөхцөлд таарсан эко хүлэмж байгуулан монголын бүх аймагт эко хүлэмж барих зорилго тавиад ажиллаж байна. Харин энэхүү хавтангийн тухайд гаднах өнгө үзэмжээс авхуулаад өөрчлөх засах зүйлс бий. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн бүх хавтангаа гар аргаар хийж байсан гэдэг нь тун онцлог.