ВИДЕО: Аутизмтай хүүгийнхээ зураг зурах авьяасыг нь хөгжүүлж, брэнд болгож чадсан Т.Одцэцэг бүсгүйг онцолж байна

ВИДЕО: Аутизмтай хүүгийнхээ зураг зурах авьяасыг нь хөгжүүлж, брэнд болгож чадсан Т.Одцэцэг бүсгүйг онцолж байна

Хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Т.Одцэцэг болон түүний авьяаслаг хүү Э.Ган-Эрдэнэтэй уулзлаа. Ээж, хүү хоёр хамтран "инстаграм хуудас" хөгжүүлж хүүгийнхээ зурсан ахин давтагдашгүй зургийг подволк болон уутан цүнх дээр дүрсэлж мөнхөлдөг юм.

ВИДЕО: 

-АУТИЗМТАЙ ХҮҮХЭДТЭЙ ГЭДГЭЭ ОЙЛГУУЛАХ ГЭЭД ХҮЧЭЭР ТУЛГАХ ГЭЭД БАЙДАГГҮЙ-

-Сайн байна уу, юуны түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Сайн байцгаана уу, намайг Т.Одцэцэг гэдэг би дөрвөн хүүгийн ээж байна.

-Та хүүгийнхээ талаар бидэнд танилцуулаач, хэдэн настайгаасаа зураг зурж эхэлсэн бэ?

-Миний хүүг Э.Ган-Эрдэнэ гэдэг. Одоо 10 настай тавдугаар ангийн сурагч хүү байна. Ганаа маань миний хоёр дахь хүү болж төрсөн, хоёр настайгаасаа эхлээд цаас, харандаатай их найзалсан. Анх гарт нь цаас, харандаа, үзэг аль нэг нь байх л юм бол шууд ханан дээр зурдаг байсан.

-Ханан дээр зурахад нь та дургүйцэж байсан уу?

- Гэртээ бол тоохгүй ханан дээр их зуруулдаг байсан. Өөрийнхөө ертөнцөөр хүссэн юм бүхнээ зураг гээд л орхичихдог байсан. Харин хамаатнуудын гэрт очихоор “Хөөе, үзэг балаа далд хийгээрэй Ганаа  хаа сайгүй зурчихна шүү” гэдэг байсан. Одоо тэр зургуудыг нь харахаар их хөөрхөн, дурсгалтай санагддаг.

-Хамгийн анх юу зурж байсан бэ?

-Анх зурж эхлэхдээ ихэвчлэн эхлээд тоо, үсэг, дүрс их зурдаг байсан. Үсэг, тоо зурахдаа дандаа буруу харуулаад зурчихдаг. Аутимзтай болоод ч тэр үү их сонин, өвөрмөц сэтгэлгээтэй.

-Аутизмтэй гэдгийг нь яаж мэдсэн бэ?

-Ганаа маань хүнтэй ярьдаггүй байсан. Аутизмтай хүүхдүүд чинь анх оношлогдохдоо ярьдаггүй байдаг. Нөхөр бид хоёр тэгж л мэдэж байсан.

-Нийгмийн хандлага хэр байдаг вэ? Хүмүүст хэрхэн ойлгуулдаг вэ?

-Миний хувьд би нэг аутизмтай хүүхэдтэй гээд хүмүүст ойлгуулах гээд, хүчээр тулгаад байдаг хандлагад дургүй. Тэгээд энийг яаж хүмүүст, өөрийнх нь чаддаг зүйлээр ойлгуулах вэ гэж бодож байгаад чаддаг зүйлээр нь ойлгуулъя гэж бодсон. Чаддаг зүйл нь зураг зурах, өөрийнх нь ертөнц нь тийм. Энүүгээр нь дамжуулаад яаж сонирхолтой байдлаар хүмүүст хүргэж ойлгуулах вэ, яаж хөнгөн байдлаар хүмүүст хүргэх вэ гэж бодож байгаад “@artofgana гээд инстаграм хөгжүүлээд цааш нь аваад явж байгаа.

-ХҮҮХДЭЭРЭЭ БИЗНЕС ХИЙЖ БАЙНА ГЭЖ ЗАРИМ ХҮМҮҮС ХЭЛДЭГ. ТИЙМ БИШ-

-Хаяг хөгжүүлж байгаа тал дээр хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа вэ. Нийгмийн хандлага ямархуу байна вэ?

-Зарим нэг хүмүүсийн ойлголт нь хүүхдээрээ дамжуулаад бизнес хийх гэж байгаа юм шиг харагдаад байх шиг байна лээ. Хүмүүс бас асууж байсан. Хэр их ашиг орлого олдог вэ гээд бид хоёрын хувьд тийм юм байхгүй. Яагаад гэхээр хичээл, дугуйлангийнхаа хажуугаар хийж байгаа. Тийм учраас яг л тоочны яг ганц нэг захиална гэсэн хүмүүстээ зориулж зурдаг. Яг материал, будгаа авах үнээр нь бараг зардаг.

-Тор, подволк дээр зурахад хэр их цаг ордог вэ?

- Цаг их ордог. Эхлээд сууриа тавина, контор хийнэ гээд л бүгдийг нь хатааж байгаад зурдаг болохоор нэгийг зурахад 3-4 хоног зарцуулдаг.

- Хэзээнээс материал дээр зурж эхэлсэн бэ?

- Ойролцоогоор 5-6 сарын өмнөөс зурж эхэлсэн. Анх зурсан зургаа хувцсан дээр хэвлүүлдэг байсан. Тэгээд судалж байгаад материал дээр зурах санааг гаргаад хүүтэйгээ ярилцсан. Даавуун дээр зурах уу, юу гэж бодож байна вэ, гээд ярилцахад эхлээд сайн ойлгоогүй. Ингэж зурдаг юм миний хүү гээд зааж өгсөн. Тэгээд л даавуун дээр зурж эхэлсэн дээ.

-Хамгийн анхны үйлчлүүлэгч нь ямар хүмүүс байсан бэ?

- Хамгийн анхны үйлчлүүлэгч нар маань бол мэдээж ойр дотнын хүмүүс маань байсан. Ойр дотно хамаатан саднаас аваагүй хүн гэж бараг байхгүй байх аа.

-Ганаад зураг зурахыг анх хэн зааж өгсөн бэ?

-Хамгийн гол нь өөрт нь хэн ч зааж өгөөгүй, өөрийнхөө ертөнцөөр өөрийнхөөрөө л зурдаг.  Хэл яриа муутай учраас зургаараа өөрийнхөө хэлэх гэж байгаа санааг хэлээд байна гэдэг утгаар нь би чөлөөтэй зуруулдаг байсан. Юм дуурайж зуруулах тийм юманд бол дургүй.  Өөрийнхөөрөө сэтгээд өөрийнхөө ертөнцөөр зураг гэж боддог.

-БИ ТОМ БОЛООД АФРИКТ УС ӨГНӨ-

-Ганаа хэдэн настай вэ? Өөрийгөө танилцуулаарай?

-Би 10 настай. Намайг Ган-Эрдэнэ гэдэг.

-Энэ зураг дээр юу зурсан бэ танилцуулаад өгч болох уу?

-Би энийг уутан дээр зурсан, аймар үнэтэй зарсан. Яагаад гэвэл хэдэн өдөр хийгээд. Тэгээд бас би энийг зурсан. Ирээдүйг зурсан Африкт ус, хүнс өгч буйгаар. Яагаад гэвэл Африк одоо усгүй болж байгаа. Амьтан амьдарч чадахгүй тэгээд хүмүүс арьс нь хатуу болоод, хатуу, бор, хар болоод хатаж байгаа. Би том болоод Африкт ус өгөх гэж байгаа.

Сэтгүүлч: М.АРИУНАА