Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, шүүхээс түүнд хилийн хориг тавиад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Т.Шинэбаяртай ярилцлаа.
ВИДЕО:
Тэрбээр "Миний хувьд Ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа эрх, эрх чөлөөгөө эдэлж, цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр үүнийхээ төлөө яллагдагчаар татагдаж, шүүхээс хилийн хориг тавиуллаа. Тодруулбал, намайг оргон зайлаад хилийн цаанаас дахин С.Амарсайханыг шүүмжилж, Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж магадгүй гээд шүүхээс хилийн хориг тавилаа. Өчигдрийн шүүх хурлаас Шадар сайд С.Амарсайхан нь өөрийн гэсэн мөрдөгч, прокурор, шүүгчтэй юм байна гэдгийг харсан. Намайг шүүсэн шүүгч нь Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэлмэгдүүлсэн н.Батсайхан гэж шүүгч байсан" гэлээ.
-ЦАХИМ ХУУДАСНАА ПОСТ БИЧСЭНИЙ ТӨЛӨӨ С.АМАРСАЙХАН САЙД НАДАД ГОМДОЖ, ЭРҮҮГИЙН ЯЛТАН БОЛГОХООР ГОМДОЛ ГАРГАСАН-
Харин тэрбээр ямар хэргээр яллагдагчаар татагдаад байгаа талаараа "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг удаа дараа шүүмжилсэн, Оросоос дамжуулсан хий хоолой барихыг эсэргүүцэж, Шадар сайд С.Амарсайханыг Туулын бургасыг хядаж, Зайсангийн газраас авч, “Зайсан хилл” цогцолбор барьсан, Ковидын үед эхнэр нь улаан бүсээр дураараа чөлөөтэй орж, гарсан, Усан оргилуур барьсан, хүүгээ татвар төлөгчдийн мөнгөөр гадаад сургасан зэрэг асуудлыг эсэргүүцэж, өөрийн цахим хуудаснаа пост бичсэний төлөө С.Амарсайхан сайд надад гомдож, эрүүгийн ялтан болгохоор гомдол гаргасан.
Тэр хүн бидний төлсөн татварын мөнгөөр хүүхдээ гадаадад сургаж, нийтийн эзэмшлийн талбайд барилга барьж байхад яагаад дуугүй суух ёстой юм.
Зөвхөн нэг айлд бүх боломж нь олдоод жирийн “ул”-ны гэгдэх айлд ийм боломж олдохгүй байгааг би шүүмжилсэн. Ард түмний төлөөлөл болж сонгогдсон байж яагаад ард түмнийхээ шүүмжлэлийг сонсохгүй, зүгээр л ялтан болгох гээд байгаа юм. Би “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ” гэх пост оруулсан. Гэтэл үүнийг С.Амарсайхан сайд яагаад өөрийгөө гэж ойлгоод надад гомдоод байгааг гайхаж байна. Би Шадар сайд С.Амарсайхан гэж бичээгүй. Гэтэл тэр хүн өөрийгөө гэж ойлгоод байгаа нь “өөрийнхөө аавыг шарил ухдаг хятад хүн байсан. Монголын төрийн самарч байгаа” гэдгийг хүлээн зөвшөөрөөд гомдоод байгаа юм уу гэж хүртэл эргэлзэж байна” гэсэн юм.
-НАМАЙГ ЯЛЛАЖ БАЙГАА ШИГЭЭ ӨӨРТӨӨ ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ БАЙГАА С.АМАРСАЙХАНЫГ Ч МӨН ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ШҮҮХ ХЭРЭГТЭЙ-
Мөн тэрбээр одоогоор хүртэл өөрийг нь яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг өөрт нь танилцаагүй байгаа.
Өөрийнх нь эрхэлдэг ажил, хаяг нь тодорхой байхад өндөр настай ээжид нь прокурорын дуудах хуудсыг гардуулж өгч, эрүүл мэндийг нь муутгасан гэдгийг тодотгож байлаа.
Түүнчлэн “Тусгаар Монгол Улсын иргэн Оросыг шүүмжилж, хийн хоолой барихыг эсэргүүцсэн байхад яагаад Шадар сайд С.Амарсайхан гомдоод байгааг ойлгохгүй байна. Тэр хүн Украин Орос дайны нөхцөл байдалтай дэлхий нийт харж байхад ОХУ-д очоод хийн хоолой яриад явж байгаа нь Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эрсдэлийг үүсгэж байгаа л би шүүмжилсэн. Үүнд буруу зүйл юу байгаа юм. Үнэхээр хар жагсаалтад орвол С.Амарсайхан монголчуудыг тэжээхгүй шүү дээ. Харин монголын ард түмэн л С.Амарсайханыг гэр бүлээр нь тэжээж байна. Би хууль тогтоомж, шүүх засаглалаа хүндэтгээд шүүх хуралдаа оролцож, тайлбар мэдүүлгээ өгч байгаа.
Гэхдээ намайг яллаж байгаа шигээ хууль тогтоомж зөрчиж, өөртөө давуу байдал үүсгэж байгаа Шадар сайд С.Амарсайханыг ч мөн яллагдагчаар татаж, шүүх хэрэгтэй.
Тэгж байж шударга ёс тогтоно. Өнөөдөр намайг үзэл бодлоо илэрхийлж, өөрийг нь шүүмжилсний төлөө ялтан болгосон ч маргааш мянга мянган Шинэбаяр гарч ирж, таныг шүүмжлэх болно. Намайг шоронд хийсэн ч би шоронгийн үнэн амьдрал ямар байдаг талаар олон арван нийтлэл бичиж байгаад л гараад ирнэ. Айх зүйл үнэндээ байхгүй” гэлээ.