Т.Аюурсайханы "туслах"-уудыг "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа аж

Т.Аюурсайханы "туслах"-уудыг "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа аж

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы шадар туслах асан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж, мөн Т.Аюурсайханы туслах асан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хориод байгаа билээ. 

Зарим эх сурвалжууд ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө угаах ажлаа өөрийн шадар туслах асан И.Даваадорж, Б.Отгонжаргал нараар хийлгэдэг байсныг онцолж байгаа. Харин Т.Аюурсайхан сайд үүнийг үгүйсгэж, "Эрдэнэс Тавантолгой"-оос нэг ч хадаас аваагүй, харин өөрийн туслахад нь үүрэг чиглэл өгдөг өөр хүн байдаг" гэх агуулгатай зүйлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. 

Тэгвэл нүүрсний хэргээр цагдан хоригдож буй Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы шадар туслах асан И.Даваадорж, Б.Отгонжаргал нарыг хахууль авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр АТГ-аас мөрдөн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга Б.Отгонжаргал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг өөрийн хамаарал бүхий байж болзошгүй “Лаки лайф” компанид давуу байдал бий болгож өгсөн. Харин И.Даваадоржийн хахуулийн мөнгөө хаус хороолол болгон хэлбэрийг нь өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй гэх нөхцөл байдал  тогтоогдоод байгаа аж.

 

Нарийвчилбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 8.9 тэрбум төгрөгийн тендер авсан “Лаки лайф” ХХК нь Ганболдын Гантөмөр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тэрбээр И.Даваадоржийн эхнэр Д.Дэлгэрмаатай “Монверсус” ХХК-ийг хамтран эзэмшдэг байна. Товчхондоо тэд хамаарал гэдэг нь ийнхүү нотлогдож буй. Нөгөөтээгүүр И.Даваадорж нь ч дээрх компанид хувь эзэмшдэг талаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Мөн тэд хууль бусаар олсон мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьдаг байсан аж. Тодотговол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн хамаарал бүхий “Лаки лайф” ХХК нь  Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” гэх 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон, “Мон версус” ХХК-ийн нэр бүртгэлтэй Богдхан уулын Дархан цаазат Арцатын амны газарт 39 ширхэг хаус бүхий хотхон бариулахаар төлөвлөж байжээ.

Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдоод буй дээрх хүмүүс нь Т.Аюурсайхантай хэрхэн холбогддог сийрүүлье. Б.Отгонжаргал нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Т.Аюурсайханы сонгуулийн штабт хуулийн зөвлөх, 2017-2018 оны хооронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Мөн Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал нар нь 2016 онд “Хохирогчдын эрхийг хамгаалах шударга ёсны холбоо” нэртэй ТББ-ыг хамтран үүсгэн байгуулсан. 2017 онд Т.Аюурсайхан МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар томилогдоход Б.Отгонжаргал мөн тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.

Харин И.Даваадорж нь ХНХЯ-ын сайд Т.Аюурсайханы хоёр шадар туслахын нэгээр ажиллаж байгаад түүнийг сайдаар томилогдсоны дараахан буюу өнгөрөгч оны аравдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм.