Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Дундговь аймгаас хос хосоороо ирсэн ихэр цэргүүд алба хааж байна

Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Дундговь аймгаас хос хосоороо ирсэн ихэр цэргүүд алба хааж байна

“Монгол Улсын төлөө зүтгэе” булан энэ удаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хос хосоороо хугацаат цэргийн алба хааж байгаа Дундговь аймгийн Өлзийт, Сайнцагаан сумын харьяат ихэр байлдагч нарыг онцолжээ.

Дундговь аймгийн Өлзийт сумаас ирсэн ихрүүдийг Жигжидсүрэнгийн Отгонбаатар, Жигжидсүрэнгийн Отгонбаяр гэдэг. Ихрүүд цэргийн албанд хүсэл мөрөөдлөөрөө ирсэндээ талархаж, олон зүйлээс суралцаж буйгаа ярьжээ. Тэрбээр "Ихэр бид хөдөөгийн залуусын жишгээр дунд сургуулиа дүүргээд ээждээ тусалж, малчин болсон. Халагдаад ч буцаад нутагтаа очиж, малаа маллаж сайхан амьдарна” хэмээжээ. Мөн байлдагч Ж.Отгонбаяр “Анх цэрэгт ирэхэд онжавууд бид хоёрыг ялгадаггүй байсан. Одоо бол дуу, хөдөлгөөн, зан ааш нь бүгд өөр гэдэг. Цэргийн албанаас бид хоёр олон сайхан найз нөхөдтэй болж, бахархал, омогшил дүүрэн цаг хугацааг өнгөрүүлж байгаадаа баяртай байна” гэжээ.

Дараагийн ихэр байлдагч нар бол Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Эрдэнэбатын Өсөхбаяр. Тэд Дундговь аймгийн Сайнцагаан сумаас татагдан иржээ. Ихрүүд ярилцлагадаа онц буудагч болсноо тодотгожээ. Тэд спортоор хичээллэдэг, анги дотооддоо зохион байгуулагддаг уралдаан тэмцээний тэргүүлэгчийн эгнээнд багтдаг байлдагч нар аж.. Ихрүүдээс цэргийн албаны тухай сэтгэгдлийг нь сонирхоход “Цэрэг хүн хэзээ ч нэр төрийн төлөө, бусдын хүндлэлийг хүлээх гэж, хариу нэхэж үүрэг гүйцэтгэдэггүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн. Эх орныхоо төлөө амьдарч, эх орныхоо төлөө амьдардаг гэдэг нь үнэн юм байна" хэмээжээ.