Яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй

Яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Улмаар шүүхээс яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өмгөөлөгч авах эрхийг танилцуулахад яллагдагч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан боловч шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг 2022 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарласан боловч хуралдаанд шүүгдэгч Ө нь өмгөөлөгч авч, өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж тус тус заасан. Иймд шүүгдэгчийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 Хураангуйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор