НАЙРУУЛАГЧ Г.Жигжидсүрэн: Надад хориод жил явж байгаад кино болгосон зохиол бий. Удах тусмаа өөрийн болж хоногшдог юм билээ /ВИДЕО/

НАЙРУУЛАГЧ Г.Жигжидсүрэн: Надад хориод жил явж байгаад кино болгосон зохиол бий. Удах тусмаа өөрийн болж хоногшдог юм билээ /ВИДЕО/

Өөрийн олон арван бүтээлээр Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлж, нэрээ мөнхөлсөн эрхмүүдийн нэг гэвэл яалт ч үгүй Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн гэх эрхэм.

Түүний хувьд “Анхны алхам”, “Өс хонзон”, “Их хааны удам”, “Хайрын нулимс хатдаггүй” ,“Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Хатанбаатар”, “Зарлаагүй дайны оршил”, “Намар нахиалсан мод”, “Алтан шонхор”, “Араатан” зэрэг гайхалтай бүтээлүүдээрээ тодорсон бөгөөд ярилцлагын үеэрээ зохиолч найруулагч хамтарч ажиллана гэдэг зүгээр нэг төлөвлөгөө биелүүлэх, нэг хүний үгэнд ороод хийдэг ажил биш. Дотроосоо бие биеэ мэдэрч байж хийдэг зүйл хэмээн онцолсон юм.

ВИДЕО:

-Сайхан өвөлжиж байна уу, та. Анхны юм бүхэн мартагддаггүй гэдэг. Таны хувьд хэрхэн кино урлагт хөл тавьсан талаар яриагаа эхлэх үү?

-Сайн байна уу. Тэгэлгүй яах вэ. Анхны юм бүхэн мартагддаггүй. Би багаасаа л янз бүрийн шүлэг бичиж ирсэн. Жижиг өгүүллэгээ хүртэл хөдөлмөр сонинд нийтэлж байсан удаатай. Би 2-р дугаар дунд сургууль төгссөн. Тэр үед 1, 2-р сургуульд ялангуяа утга зохиолын дугуйлан идэвхтэй ажилладаг байлаа.  Нэг үгээр хэлэх юм бол би утга зохиолоор дамжиж кинонд орж байсан юм.

Одоо бодоход багадаа ижий аавынхаа үгнээс гараад байдаггүй дуулгавартай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Аав бол нээх юм хэлэхгүй миний хүүхэд өөрөө мэд л гэнэ. Ээж л гол юмыг барьж явдаг байсан. Ижий минь анх Равчаа ах дээр очиж эмч болгоно гэхэд миний зүгээс нээх айхтар эсэргүүцээгүй.

“Яах вэ эмч болъё ч болъё” гэсэн бодолтой явж байсан чинь тохиолдлоор Ч.Лодой багштай таарсан юм. Лодой гэж Ч.Лодойдамба гуайг хэлж байгаа юм.

Сүртэй хэлбэл хувь заяаны тохиол гэдэг их сонин зүйл.Хүний амьдралыг эргүүлчихдэг юм байна гэж их бодогддог байхгүй юу. Тэгээд л эмч болох гээд явж байсан хүүхэд тэр том хүний гараас хөтөлж л урлагт хөл тавьсан ийм л хувь заяатай нэгэн би байна. /инээв/ Ч.Лодойдамба гуай тэр олон хүүхдүүд дундаас намайг нээх онцолж байсан юм билээ. Сүүлд нь түүний гэргийгээс хүртэл сонсохнээ намайг ихэд л ярьж, онцолж байсныг мэдсэн дээ.

-Таныг Д.Жигжид гуайн анхны бүтээлд бас оролцож байсан гэдэг юм билээ. Тухайн үед их л ширүүн зантай, хатуу үгтэй, хэлсэн үг нь хүний зүрхэнд ордог байсныг онцолдог. Та ямар уран бүтээл дээр нь ажиллав байв?

-Д.Жигжид гуайн анхны кино найруулгаар нь зорьж очсон шавь нь би байгаа юм. 1960-иад онд “Улаанбаатарт байгаа миний аав” киногоо хийж байхад нь туслахаар нь ажиллаж байсан даа. Д.Жигжид гуай хачин хатуу ширүүн, жүжигчдээ загнана, уурлана, маш нарийн зааж зааварлана. Тэгэхээр нь би гэж хүн халшраад зугтаад гэх юм уу даа Д.Чимэд-Осор найруулагч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар анхны киногоо найруулахад нь туслахаар нь  ажилласан. Ингэж л Монголын хоёр том найруулагчийн туслахаар ажиллаж энэ урлагт хөл тавьсан.Түүх нь ийм байгаа юм.

-Таныг сүүлийн үеийн уран бүтээлчдийн киноны нээлтэд урьсан ч очдоггүй гэх юм билээ. Хамгийн сүүлд Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” зохиолын жүжгийг үзсэн гэх. Жүжгийн хувьд?

Б.Лхагвасүрэн бид хоёр бол нэг нутгийн хоёр. Хүний хувьд, гэр бүлийн хувьд ч найзууд. Уран бүтээлийн хувьд ч бид хоёр их ойр дотно явсан даа.  Ямар сайндаа Б.Лхагвасүрэн нэг ярилцлага дээр сэтгүүлч асуусан байсан “Та яагаад өөр найруулагч нар байхад олон зохиолоо өгөхгүй байгаа юм” гэхэд “Өө би Г.Жигжидсүрэнгээс өөр хүнд зохиолоо өгөхгүй ээ. Бид хоёр бие биеэ гайгүй ойлгодог юм” гэсэн байсан. Би уншсан.

Зохиолч найруулагч хамтарч ажиллана гэдэг зүгээр нэг төлөвлөгөө биелүүлэх ч юмуу, нэг даргын тушаалаар, нэг хүний үгэнд ч ороод юм уу хийдэг ажил биш л дээ. Тэр чинь дотроосоо бие биеэ мэдэрч байж хийдэг зүйл.

Тамгагүй төр сайн шүү дээ. Тамгагүй төр бол ёстой тамгагүй зохиол. Б.Лхагвасүрэн бол дахиж төрөхгүй шүү дээ. Түүний сэтгэлгээ бол агуу. Бид хоёр гурван ч кинонд хамтарсан. Би түүнд их баярладаг юм. Баярлахаас өөр яах билээ. Ер нь би Тамгагүй төрийн анхны нээлт нь дээр нь ч очсон сая шинээр тавигдахад нь очиж үзсэн. Сүүлийнх нь найруулга сайн л болсон байна билээ. Би театрын найруулагч, Баатарт хэлдэг байсан юм “Чамд атаархаад байх юм” гэж..

Яагаад атаархдаг вэ гэхээр кино чинь нэг аваад л тэр дүрс чигтээ үлддэг бол театрынх үгүй. Киног сүүлд нь эргээд харахад “Энийг ингэдэг байж, тэрийг ингэдэг байж” гэсэн бодол зөндөө орж ирнэ. Тийм учир би авсан дүрсээ эргэж харах их дургүй шүү дээ. Дандаа алдаа харагддаг байхгүй юу. Найруулагч нарыг ааштай л гэнэ. Найруулагч зөөлөн байхын эцэсгүй мэргэжил байхгүй юу.

-Киноны хувь заяаг шийддэг ганц хүн бол найруулагч шүү дээ. Бусад найруулагч, зохиолчдын хувьд зохиолдоо тааруулж дүрийн проб хийдэг бол таны хувьд жүжигчиндээ зориулж зохиолоо бичдэг гэх. Энэ тухайд?

-Тийм. Би анхнаасаа л энийг энэ дүрд тоглуулна гэж төсөөлж бичдэг. Миний “Хүний амь” гэдэг кинонд П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Ш.Гүрбазар гурвыг л анхнаас нь тоглуулна л гэж бичсэн. Яг л болсон. “Хатанбаатар” киноны хувьд ч анхнаасаа л Л.Эрдэнэбулганыг Хатанбаатарт, Манлай баатарт П.Цэрэндагва байна гэж бодсон. Проб ч хийгээгүй. Жүжигчдээ аль хэдийн товлочихсон байсан. Яахав фото проб хийнэ л дээ. Эгнүүлж тавьж байгаад харах юм бий.

-Сүүлийн үед компьютер график ашиглаад кино хийх тохиолдол их болсон. Зарим хүмүүс дээр үед илэрхийлдэг байсан шиг зүйлсийг илэрхийлж чадахгүй байна гэж шүүмжлэх болсон шүү дээ. Таны хувьд ер нь сүүлийн үеийн кино үзэв үү. Хэр санагдаж байх юм?

-Компьютер графикаар кино хийнэ? За яах вэ хийж л байг. Орчин үед цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгтэй адилхан. Кино чинь хамгийн гол зүйл нь ерөөсөө техникийн хөгжлийг тулгуурлаж анх босож ирсэн түүхтэй шүү дээ. Түүнийгээ дараад их амархан хөгжсөн. Тэгээд бодохнээ кино бол яах аргагүй шинжлэх ухаан, техник технологийн ололт дээр дөрөөлж гарч ирсэн урлагийн өвөрмөц төрөл учраас бусдыг хамрах хүрээ, үзүүлэх хүрээгээрээ театрыг их амархан гүйцээд урд нь гарчихсан байхгүй юу. Шинжлэх ухаан техникийн ололт дээр л түшиглээд яваад байгаа юм. Иймээс одоо түүнийгээ мэдрээд явахгүй бол болохгүй байх. Киноноос өмнө фото л байлаа шүү дээ.  Киног анх гарч ирэхэд чинь хөдөлдөг фото гэж нэрлэж л байсан. Одоо ч цаг өөр болж.

-Театрын тухайд ярьсных таны хувьд энэ тал руу орно гэх бодол байв уу?

-Ялгаа их бий л дээ. Нэг зохиолоор кино хийчихсэн байхад дахиад дараагийн найруулагч тэр хүний зохиолыг аваад кино хийнэ гэж байхгүй.  Надад арав гаруй жил бараг хориод жил шахуу явж байгаад кино болгосон зохиол бий. Удах тусмаа өөрийн болгож хоногшдог юм билээ. Нэг сайхан том театрын жүжиг байлаа гэхэд тэр чинь Азид, Америкт, Австралид тоглоно гэдэг чинь сайхан. Гэхдээ кино бол бүр амар болж. Цар хүрээ нь яах аргагүй техник технологийг үндэслэж үүссэн, хөгжсөн, өнөөдөр хүрсэн шүү дээ. Иймд энэ салбарт орсондоо хэзээ ч харамсаж байсангүй.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө