Улсын бүртгэлийн газар нь иргэдийг нэр, хүйс, хөрөнгө, гэрлэлтийн байдлыг өөрт нь мэдэгдэхгүйгээр өөрчилж байж болзошгүй гэх "гэмт хэргийн шинж"-тэй мэдээллийг иргэд та бүхэн өмнө нь уншиж байсан биз. Тэгвэл энэ төрлийн ноцтой алдаа байж болзошгүй асуудлаар нэгэн иргэн манай редакцид хандсан юм. Учир нь иргэн Ж.Гантөмөр, Ц.Энхсайхан нар 1980 оны аравдугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 2001 оны хугацаанд амьдарч Г.Сарнайцэцэг, Г.Болорцэцэг, Г.Анарцэцэг гурван охиныг төрүүлжээ.
ВИДЕО:
-С.ЭНХСАЙХАНЫ Ж.ГАНТӨМӨРТЭЙ ГЭРЛЭСЭН ГЭРЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫН ТУЛД ЭХНЭРЭЭ Ц.ЭНХБААТАР ГЭХ НЭРТЭЙ ЭРЭГТЭЙ ХҮН ГЭХ НЭРЭЭР УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭЖЭЭ-
Улмаар тэд 2001 онд хамтын амьдралаа дуусгаж тус, тусдаа амьдрах болсон ч /Ж.Гантөмөр АНУ-д, Ц.Энхсайхан Монголд/ хөрөнгө хуваах маргаанаас болоод гэрлэлтээ цуцлуулалгүй өнөөдрийг хүрсэн байна. Өнгөрсөн 2021 онд нөхөр Ж.Гантөмөр нь нас барсан бөгөөд эхнэр, ах дүү, үр хүүхэд нь хөрөнгө хуваах асуудлыг хөндөх үеэс бүх хуудуутай асуудлууд хөвөрсөн байдаг.
Тодруулбал, Ж.Гантөмөрийн “Зэндмэнэ хурх” компани болон холбогдох өмч, хөрөнгүүд мөн “Төр хурх” дахь амралтын газрыг хамтдаа байгуулсан гэх шалтгаанаар эхнэр Ц.Энхсайхан нь хөрөнгө хуваах асуудлыг хөндөхөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас “Ц.Энхсайхан нь Ж.Гантөмөртэй гэрлэж байгаагүй. Учир нь улсын бүртгэлд Ц.Энхбаатар гэх эрэгтэй хүнээр бүртгэгдсэн байна. Мөн том охин болох нь Г.Сарнайцэцэгийн төрсний бүртгэл Улсын бүртгэлд байхгүй” байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, Ц.Энхсайханы нэр, хүйсийг өөрчилж, Ц.Энхбаатар гэх эрэгтэй болгосон бөгөөд том охин Г.Сарнайцэцэгийг төрж байгаагүй гэх дүгнэлтийг Улсын бүртгэлийн газраас гаргажээ. Одоо өөрсдийнх нь хувийн мэдээллийг дураараа өөрчилсөн асуудлаар Ц.Энхсайхан охидын хамт шүүхэд хандаад буй аж.
-БИДНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨӨРЧЛӨХӨД НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХ МЭДЭЛТЭН НӨЛӨӨЛСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БӨГӨӨД БИД ЭНЭ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДСАН-
Энэ талаар Ж.Гантөмөрийн бага охин Г.Болорцэцэг ярихдаа “Улсын бүртгэлийн ерөнхий газар хэдэн онд манай ээжийн хувийн мэдээллийг өөрчилснийг бид мэдэхгүй. Аавыг нас барсны дараа хөрөнгө хуваах асуудлаар холбогдох газруудад хандахад бидний мэдээллийг өөрчилсөн байсныг мэдсэн. Манай аав 2000 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Сонгуульд нь ажиллаж байсан нэг хүүхэнтэй танилцаж, харилцаа үүсгэн хүүхэдтэй болсон. Ингээд 2001 онд ээжээс салах өргөдлөө өгсөн. Хариуд нь ээж “Салъя. Хөрөнгөө хуваая” гэсэн байдаг. Шүүхээс эцсийн шийдвэрийг гаргаагүй байхад аав АНУ явсан.
Тиймээс шүүхээс “Ж.Гантөмөрийг Монголд буцаж ирэхээр нь салгана. Буцаж ирээд салах өргөдлийг дахин өгөөрэй” гэх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр албан ёсоор салаагүй гэсэн үг. Түүнээс төрсөн нь, гэрлэлт нь, хүүхэд төрүүлсэн нь худал болчихно гэж бодохгүй байна. Аавыг нас барсны дараа бид Улсын бүртгэлээс гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг шалгуулахад “Ж.Гантөмөр, Ц.Энхсайхан нарыг гэрлэсэн байна” гэх мэдээлэл гарч байсан.
Удалгүй манай аавтай сүүлд хамтран амьдарч байсан эмэгтэй Монголд ирээд буцсан. Үүний дараа бүх мэдээлэл өөрчлөгдөж, хуурамч болж таарсан.
Манай ээжийн нэг цэгийн үйлчилгээн дээр дугаарлаж байгаад авсан бичиг баримтыг болон "И Монголиа" системээс авсан мэдээллийг хүртэл хуурамч гэсэн дүгнэлтийг гаргасан. Уг асуудлаар бид Захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж хандсан. Мөн Иргэний хэргийн шүүхэд “Энэ гэр бүл байсан эсэхийг тогтоолгохоор” хандсан. Уг асуудал Эрүүгийн цагдаад ч шалгагдаж байна. Хамгийн ноцтой нь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас манай ээжийг “Хуурамч гэрлэлтийн гэрчилгээг үйлдсэн” гэж шалгасан. Хуурамч гэрлэлтийн гэрчилгээ нь эдийн засгийн гэмт хэрэгтэй яаж холбогдохыг би бүр ойлгохгүй байгаа. Бид нар хөөцөлдөж байж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжүүлсэн” гэлээ.
Энэ талаар би Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад, “Иргэний хувийн мэдээллийг өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм.
Ж.Гантөмөр нь 2000 онд эхнэр Ц.Энхсайхнаас салах өргөдлийг шүүхэд гаргаж улмаар хөрөнгө хуваах маргаан үүсэхэд өөрийн нэр дээрх “Зэндмэнэ хурх” ХХК болон аравдугаар хороолол, Гурвалжийн гүүрний дэргэдэх обьект, байр мөн Богдхан уулан дахь “Төр хурх”-ын газар зэрэг бүхий өмчөө өөрийн төрсөн дүү Ж.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлжээ.
Гэтэл өнөөдөр “Зэндмэнэ хурх” ХХК болон “Төр хурх”-ын газар нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын нэр дээр байгаа юм.
Тэгэхээр Ж.Алтанцэцэг нь ахынхаа компани болон хөрөнгүүдийг зарсан байх магадлалтай юм. Улмаар эхнэр, гурван охин нь аавынхаа хөрөнгөөс хуваах асуудлыг хөндөх үед Улсын бүртгэлд нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Ж.Алтанцэцэгийн нөхөр нь генерал Маньбадрах овогтой Ганболд аж. Тэд цагдаа, хуулийн байгууллагад нөлөөлсөн байх магадлалтай Г.Болорцэцэг хэлсэн юм.
Г.Болорцэцэг эцэст нь дүгнэлт болгож “ Бүх хөрөнгөө Ж.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Манай ээж болон бид нарт нэг ч өмч хөрөнгө байхгүй. Монгол Улс нэг эхнэртэй байх ёстой гэсэн хуультай. Аав маань сонгуульд нэр дэвшихдээ гэр бүлийнхээ талаар ярьж байсан. “Төр хурх”-ын газрыг үнэгэ, булгын аж, ахуй байхаас нь аав, ээж хоёр янзалж, бүх хог новшийг нь цэгцэлж энэ амралтын газрыг бий болгосон.
Нээлтэн дээр олны нүдэн дээр энэ газрыг аав, ээжид бэлэглэж байсан. Манай ээж энэ амралтыг газрыг яг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон.
Тэр үед Ж.Алтанцэцэг ирж нэг удаа хог шүүрдэж байхыг би мэддэггүй. Ээжийг маань нэг зун амралтдаа очиход л “Энэ таны хөрөнгө биш. Энэ Өнөрболорынх болсон” гэж хэлсэн. Одоо манай ээжийн аяга, халбага бүх зүйл тэнд бий. Ээжийн нэр, хүйсийн сольсон асуудлаас болж эмээ минь шоконд нас барсан” гэсэн юм.