Жюү-жицүгээр гурван сар хичээллэж буй Дундговь аймгийн "Ид шидийн орон"-ы тамирчид Улсын аваргаас нийт 11 медаль хүртэж, дэлхийн аваргад оролцох эрх авав.
Тодруулбал, Ид шидийн орон орон нутагт төслийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Дундговь аймагт барилгын суурь тавигдаж, 2022 оны аравдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн юм. Улмаар гурван сарын турш хүүхдүүд төрөл бүрийн дугуйланд хамрагдан хичээллэж, олон төрлийн сургалтуудад явж буй.
Үүний үр дүнд Дундговь аймгийн “Ид шидийн орон”-ы Жюү-жицүгийн сургалтын шинэхэн тамирчид саяхан зохион байгуулагдсан улсын аваргаас нийт хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль тус тус хүртэж анхны дэлхийн аваргад оролцох эрх авчээ.
Тамирчдын дасгалжуулагч багшаар Х.Пүрэвдэлгэр, туслах багшаар Дундговь аймгийн Мандал сургуулийн багш ажиллажээ. Мөн энэ нь тэдний анхны тэмцээн бөгөөд “Энэ бол боломжийг нь тэгш олгоход цойлоод л гарч ирдгийн жишээ. Ид шидийн орон бол асрамжийн газар ч биш, юм хум тараадаг газар ч биш, боломж болоод гүүр юм” хэмээн Ид шидийн орны үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан бичжээ.