Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Яруу найрагч Ц.Хуланг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг өгөх зорилгоор гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 19.4.1-д заасны дагуу яллагдагчаар татан шалгаж буй.
Түүнийг энэ долоо хоногоос эхлэн нэг сарын хугацаанд цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл Монгол зохиолчдын эвлэл /МЗЭ/ ТББ-аас “Ц.Хуланд холбогдох асуудал”-аар Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатарт шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад, “Ц.Хулан гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад, хувь хүний нэр хүндэд халдсан, буруутгасан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тарааж нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх шийдвэр гаргасан үйлдэлдээ МЗЭ болон олон нийтэд хандаж, ул суурьтай тайлбар хийхийг шаардаж байна” гэжээ.