ШУУРХАЙ: Ц.Хулан нь "Төрийн нууцыг дамжуулах зорилгоор гадаадын тагнуултай хамтран ажилласан" хэмээн шалгагдаж байна

ШУУРХАЙ: Ц.Хулан нь "Төрийн нууцыг дамжуулах зорилгоор гадаадын тагнуултай хамтран ажилласан" хэмээн шалгагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг тагнуул хийсэн хэргээр энэ сарын 19 /2023.01.19/-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас саатуулсан билээ.

Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20 /2023.01.20/-ны өдөр хэлэлцэж, үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг "Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Тэгвэл яруу найрагч Ц.Хуланг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг өгөх зорилгоор гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 19.4.1-д заасны дагуу яллагдагчаар татсан байна. 

Тодруулбал, 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Үүнээс үзэхэд Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Тэгвэл түүнийг аль улсын тагнуулын албатай хамтран ажиллав, төрийн ямар нууцыг дамжуулав гэдэг нь анхаарал татаж байгаа ч, албаныхан энэ талаар ямар ч тайлбар мэдээлэл хийгээгүй байна. 

Харин яруу найрагч Ц.Хулан нь ОХУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан байж магадгүй хэмээн зарим иргэд хардаж байгаа юм.  

Учир нь сүүлийн үед Орос Украины дайны нөхцөл байдлаас үүдэн, ОХУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан байж болзошгүй хүмүүсийн мэдээлэл зөвхөн Монгол улс төдийгүй дэлхий дахинаа ил болоод байгаа. Тухайлбал, ОХУ-ын тагнуулч Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар Монголын эрчим хүчний төслүүдийг гацаах зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл ч  гарсан. 

-Ц.ХУЛАН: ӨМНӨ НЬ ЦАГААЧЛААД ГАРААД ЯВСАН ЗОХИОЛЧИД, ЭРДЭМТДИЙГ ИХ ГАЙХДАГ БАЙСАН. ОДОО Л ҮҮНИЙГ ОЙЛГОЖ БАЙНА-

Нөгөөтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хулангийн хэвлэлд өгсөн ярилцлагаас дээрх хардлага төрөөд байгаа аж. Тодруулбал, тэрбээр "Би сая арван хэд хоног ОХУ-д үнэхээр жаргалаа. Оюуны өндөр соёлтой газар бүх стрессээ мартсан. Гэтэл Буянт-Ухаа дээр буугаад нөгөөх л тамын тогооны үлгэр эхэлж байгаа юм. Хот нь автомашинаа, хүн нь уураа багтааж чадахаа больсон тийм л гунигтай юм. Би өмнө нь цагаачлаад гараад явсан зохиолчид, эрдэмтдийг их гайхдаг байсан. Одоо л үүнийг ойлгож байна. Манай Монгол үнэхээр оюуны ядууралтай, оюуны хөгжлийн бэрхшээлтэй болжээ" хэмээсэн байна.  

Ц.Хулан нь 1994-1996 оны хооронд “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, "Ням гараг" сонинд хэлтсийн дарга, 1996 -1997 онд Ням гараг, Билгүүн судар сонинд хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд “Хөдөлмөр” сонины ерөнхий эрхлэгч, 2017 он хүртэл Хүүхэлдэйн театрын захирал, 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.