СЭТГҮҮЛЧ Б.БАТЦЭЦЭГ: Би Д.Сумъяабазар, Г.Хонгорзул нарт зарчмын шаардлага тавьсныхаа хариуд доромжлуулж, элдвээр хэлүүлсэн

СЭТГҮҮЛЧ Б.БАТЦЭЦЭГ: Би Д.Сумъяабазар, Г.Хонгорзул нарт зарчмын шаардлага тавьсныхаа хариуд доромжлуулж, элдвээр хэлүүлсэн

“NTV” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг өөрийн бэлтгэн хүргэдэг “Тэгээс тэг” нэвтрүүлгийн сүүлийн дугаарт “Энэ өвөл зам дээр давс биш хужир цацсан уу” гэх агуулгыг хөндөж, зарим албан тушаалтнуудын хууль бус байж болзошгүй үйл ажиллагааг баримтаар дэлгэсэн. Ийнхүү түүнийг олон нийтийн мэдэх эрхийг хангах ажлаа хийж, мэдээлэл бэлтгэснийх нь төлөө дарамталж, нэр хүндэд нь халдах улмаар сошиалаар доромжлох зэргээр хандсан байгаа юм. Монгол Улс бол парламентын засаглалтай, ардчилсан улс.

Ардчилал, эрх чөлөөний баталгаа нь олон нийтийн мэдэх эрхэнд л байдаг. Гэтэл иргэдийг мэдэх эрхээр хангасан сэтгүүлчийг сэтгэл санаагаар дарамтлах зэрэг нь дээрх баталгаа алдагдаж буйн шинжээс гадна маш хортой үр дагавар юм. Тиймээс бид сэтгүүлч Б.Батцэцэгтэй уулзаж, болсон үйл явдлын талаар тодрууллаа.

ВИДЕО: 

-ХАЛТИРЧ УНАЖ ГЭМТЭЭД ХЭВТЭРТ БАЙЖ БАЙГААД НАС БАРСАН ТОХИОЛДОЛ Ч БАЙНА-

-Та “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ “Энэ өвөл нийслэлийн зам дээр давс биш хужир цацаж иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндийг хохироосон уу” гэх асуудлыг хөндсөн. Тус агуулыг хөндөх болсон шалтгаан, зорилго юу байв гэдгээс яриагаа эхлэе?

-Өвлийн улиралд цас орж, гулгаа үүсдэг нь тодорхой асуудал. Тэр бүрд давс цацдаг. Гэхдээ халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр машинууд мөргөлдөж, хүмүүс унаж бэртсэн үйл явдал өнгөрсөн жилийнхээс илүү их байлаа шүү дээ. Ялангуяа хотын төв, баруун хэсгийн зам толь шиг болсон.  Цас орсны дараа иргэдийн гутал, өмдний доод хэсэг цагаан болж байсан. Тиймээс зам дээр яг давс цацаж байгаа юу гэх хардлага надад байсан юм. Үүнийг ажиглаад мэдээлэл бэлтгэхээр эх сурвалжууд хайж байтал манай редакцийн утас руу Төв аймгаас нэгэн иргэн холбогдоод “Манай аймгаас их хэмжээний хужир ачаад байна. Энэ хужирыг хотын зам дээр цацдаг” гэх мэдээллийг өгсөн. Уг мэдээллийг баталгаажуулахын тулд нэлээн их ажилласан. Ингэхдээ тус хужирыг маш том газар нутагтай Төв аймгийн хаанаас авдаг байж болох уу, хужиртай нуур нь яг хаана байдаг юм, хужир уу, давс уу гэх мэт асуултад хариулт ирсэн. Тиймээс холбогдох албаныхнаас мэдээлэл авахаар маш их хөөцөлдсөн ч татгалзсан хариу авсан. Давсыг авч, зам дээр цацдаг эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Захирагчийн албаны албан тушаалтнууд тодорхой хариу хэлэхгүй “Би тус албан тушаалд томилогдоод удаагүй учраас мэдэхгүй байна” зэргээр ярьж байв. Энэ явцад УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр өвөлжилтийн бэлтгэлийг ярих үеэр эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь “Давс чанаргүй, устай байсан” гэх асуудлыг ярьсан. Ингээд нэлээн хөөцөлдөж байж Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраатай уулзахад тэрбээр бидэнд “Төв аймгийн Бүрэн сумаас давс авч байгаа. Гэхдээ чанаргүй” гэж хэлсэн. Ингээд бид Төв аймгийнхантай холбогдож Төв аймгийн Бүрэн сумын хужиртай нууранд очиж нөхцөл байдлыг тодруулахад эх сурвалжийн мэдээлэл үнэн байсан. Сумын Засаг даргаас тодорхой мэдээлэл авахад “Бид бүтээгдэхүүнийг лабораторид шинжлүүлсэн. Ингэхэд натрийн хлоридын агууламж нь 2.09 гэсэн хариу гарсан” гэж хэлээд шинжилгээний хариу бичгийг харуулсан. Бид тус хариу бичгийг аваад химич дээр очоод “Энэ яг юу вэ. Үүнийг зам дээр цацаж болох уу” гэдэг асуудлыг тавихад нэг нь “Энэ бол хужир” гэсэн бол нөгөөх нь “Хужирыг зам дээр цацаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ зориулалтын зүйлийг нь ашигласан нь илүү дээр. Хужирын онцлог нь илүү хурдтай хөлдөнө” гэсэн. Бид нэвтрүүлгээ үргэлжлүүлэн бэлтгэх явцдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл, тайлбар авахаар хандахад тодорхой хариу авч чадаагүй. Энэ хугацаа 30 хоногоор яригдана.  

Сурвалжилгыг бэлтгэх болсон зорилго нь ердөө иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролтой холбоотой. Халтирч унаад ясаа хугалж хэвтэрт байж байгаад нас барсан хүн хүртэл бий. Харамсалтай нь энэ хор хохирлын талаар мэдээлэл бэлтгэх явцад мэдээлэл олж авах зам дардан байсангүй. Дарга нар дээр очоод л гацаад байсан. Нийслэлээс өгсөн шинжилгээний хариу, орон нутгийн шинжлүүлсэн шинжилгээний хариу зөрөөд байгаа нь бас асуудалтай. Тэгэхээр нийслэлийн захирагчийн ажлын албаныхан өөр газраас авсан давсны дээжийг лабораторид өгсөн байж болзошгүй гэж хардсан.

-Тэгэхээр хэн, хаанаас хэдэн төгрөгөөр ямар давс авч байгаагаа мэддэг албан тушаалтангүй гэсэн үг үү?

-Давс нийлүүлэх тендерт “Гранд звес”, “Мөнхсаруул” гэх компани ялсан байсан. Бид уг асуудлыг нэгдүгээр сарын 02-оос сурвалжилж эхэлсэн. Энэ үед Нийслэлийн ерөнхий менежер солигдож таарсан. “Таргил хайрхан” гэдэг компаниас хужирыг аваад тендерт ялсан компанид нийлүүлдэг байсан байгаа юм. Энэ компаниудын мэдээллийг Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс хайж үзэхэд утасны дугаар, хаяг байршил зэрэг нь байхгүй байсан. Лавлах, сошиал болон бусад газраас хайхад ч олдоогүй. Захирагчийн ажлын албанаас асуухад ч “Бид нар тус компанийг мэдэхгүй” гэсэн.

-Давсны асуудлаас болж хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг огцруулсан  шүү дээ. Энэ таны нэвтрүүлэгт дурдсан асуудалтай холбоотой юу?

-Тийм. Үүнийг тодруулах гээд чадаагүй. 4-5 мэдээллийн сайтад Д.Ганболдыг давс, бодисны асуудлаас үүдэн огцруулсан гэх мэдээлэл байсан. Давсныхаа чанарыг үзэж авдаггүй, стандарт байдаггүй нь бидний нэвтрүүлгийн ард тодорхой боллоо шүү дээ.

Сэтгүүлч Б.Батцэцэг

-ХУЖИР МАШ ХУРДАН ХӨЛДДӨГ. ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН УДИРДЛАГАД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ДАВСЫГ ХҮЛЭЭЖ АВАХДАА ЧАНАРТ АНХААРДАГГҮЙ -

-Давс нийлүүлэхдээ алдаа гаргасан нь манай улсын ямар хууль, дүрмийг зөрчсөн гэж та харж байна. Мөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр хохирсон иргэдийн бодит мэдээллийг талаар дэлгэрэнгүйгээр өгвөл?

-Халтирч унасан хүмүүсийн тоон мэдээллийг нэвтрүүлгийн эхэнд харуулсан. Тэр хүмүүсийн эрүүл мэндийн хохирол гэртээ байх хугацааны эдийн засаг, цаг хугацааны гээд маш их хохирол бий. Халтирч унаад хэвтэрт орсон хөгшчүүд ч байна шүү дээ. Халтирч унасан хүмүүсийн тоо өнгөрсөн жил 6.1 хувиас 15 гаруй хувь болж нэмэгдсэн. Зам тээврийн ослын тоо ч нэмэгдсэн. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын мөнгөн дүнг Тээврийн цагдаагийн албанаас гаргадаг. Тэнд дурдсанаар өнгөрсөн жил 17 тэрбум байж байгаад 18 тэрбум болж өссөн байх жишээтэй.

-Хужрыг зам дээр цацаж болох юм уу, үгүй юм уу. Энэ талаарх мэргэжлийнхний дүгнэлт бий юу. Мөрддөг стандарт байгаа юу?

-Эх сурвалжуудын хэлж буйгаар хужир бол хужир. Маш хурдан хөлддөг. Гэхдээ зам дээр цацаж болохгүй гэж  хэлэх гэхээр энэ талаар Монгол улсад нэг ч стандарт байхгүй. Үндэсний статистикийн хороон дээр стандарт байхгүй. Хотын стандартын газарт ч стандарт байхгүй. Хотын ерөнхий менежерийн удирдлагад ажилладаг хүмүүс давсыг хүлээж авахдаа чанар, стандартад нь  яаж анхаарах ёстой талаарх зөвлөмж, стандарт ч байхгүй.

-Энэ ажил дээр аль шатандаа хэн гэж албан тушаалтан алдаа гаргасан гэж та харж байгаа вэ?

-Үүнийг дүгнэхэд хэцүү. Уг нь Хотын дарга энэ талаар мэдээлэл өгмөөр байгаа юм. Өчигдөр нэр бүхий сайтын сэтгүүлч Хотын дарга Д.Сумъяабазартай таараад асуусан байна лээ. Тодруулбал, сэтгүүлч Хотын менежерийг халсан шалтгааныг нь асуухад “Миний бүрэн эрхийн асуудал. Би мэдэхгүй Хотын менежерээс очиж асуу” гэж хариулсан байна лээ. Гэхдээ тэр хүн шийдвэр гаргахдаа өмнөх Хотын менежерийг ямар алдаа гаргасан гэж халсан юм. Энэ талаар мэдээлэл өгөх ёстой. Энэ мэдээллээ өгөхгүй зугатаад л.

Сэтгүүлч Б.Батцэцэг

-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР ЯРИА ӨГӨЛГҮЙ ЗУГТСАН-

-Мэдээлэл олж авах зам дардан байсангүй гэж та хэллээ. Тухайлбал,Хотын даргаас мэдээлэл авах гэхэд ямар асуудал тулгарсан юм бэ?

-Хотын дарга Д.Сумъяабазараас мэдээлэл авахын тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулах ёстой гэх дотоод журмыг эд нар өөрсдөө гаргасан юм билээ. Энэ журмынх нь дагуу  хүсэлт тавихад амжилтгүй болсон учраас очоод ганц, нэг даргаас нь яриа авахад “Юу ч мэдэхгүй л” гэдэг хариулт авсан. Ер нь л энэ хугацаанд мэдээллийг өгөхгүй байсан. Мэдээлэл өгөхгүйгээрээ Нийслэлийн Засаг даргын тамгын газар бол топ хүнд сурталтай газар. Эцэс сүүлд нь би Нийслэлийн Засаг даргын тамгын газарт очоод  Хотын дарга Д.Сумъяабазартай уулзах гэхэд өөр хаалгаар гараад явсан байсан. Хотын дарга Улаанбаатар хотод ямар ажил хийж байгаагаа  хэлэх ёстой шүү дээ. Өөрийнхөө хамтарч ажилладаг байгууллагынханд л мэдээлэл өгдөг л байх. Бүх хэвлэлд нээлттэй  биш болохоор хийж байгаа ажил нь ч олон нийтэд тэр хүртээмжээр очно шүү дээ. Тэр хүн ажил хийж байж болно. Гэхдээ хүмүүс хийж байгааг нь мэдэхгүй байна шүү дээ. Түүнийг ярих ёстой.  Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хайрцаглаж ялгадаг нь олон нийтийн мэдэх эрхийг зөрчиж буй хэлбэр шүү дээ.

-Таниас зугатаасан юм уу?

-Зугатсан гэж хэлж болох үндэслэлтэй. Төөрүүлж байгаа юм шиг сонин үйл явдал болсонд гайхсан.

-ЭЦЭСТ НЬ АЖЛАА ХИЙСНИЙ ТӨЛӨӨ НАД РУУ СОШИАЛ ДАЙРАЛТ ЯВУУЛСАН -

-Мэдээлэл олж авч чадахгүй байгаа нөхцөл байдлаа та өөрийн цахим хуудастаа бичиж бухимдлаа илэрхийлсэн байсан. Мөн мэдээлэл бэлтгэсний дараа шахалт, дарамтууд ирсэн гэсэн?

-Намайг хувийн орон зайдаа бичихээс өмнө цахим орчинд Хотын дарга болон түүний удирдлагад ажилладаг хүмүүсийн тухай их бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, би анх бичиж байгаа юм биш. Би гэхдээ үнэхээр шаналлаа. Давс хужирын асуудал нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал байсан. Гэтэл энэ талаар Хотын дарга нь мэдээлэл өгөхөөс татгалзаж зугтсан. Хэвлэлийн албаны дарга нь зугтаалгасан байх ч магадлалтай. Эд нар бол татвар төлөгчдийн татвараар цалинждаг. Тэгээд яагаад иргэдэд мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм.

Энэ бүхнээс үүдээд би Хэвлэлийн албаны дарга Г.Хонгорзулаас зарчмын зүйл шаардсан. Тодруулбал, татвар төлөгчдийн цалингаар цалинждаг юм бол хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүл, хэвлэлд төсөвлүүлсэн тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан юм, яагаад хэвлэлийнхнийг ялгаварлаж, хайрцагладаг юм гэдгийг асуусан. Өнгөрсөн намар нийслэлийн хэвлэлийн албаны дарга Г.Хонгорзулыг “9 саяын үнэтэй цув өмсдөг” гэх шүүмжлэл явсан. Тэгэхээр нь би “Хэвлэлийн төсөв юунд зарцуулагддаг вэ. Энэ хөрөнгийг зарцуулдаг албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой” гэж бодсон. Тиймээс би дээрх зүйлийг шаардсан. Нэг агентлагийн даргаас илүү их төсөвтэй хэлтсийг удирддаг хүн шүү дээ. Сүүлийн хоёр жилийн миний утсыг авдаггүй, мэдээлэл өгдөггүй байсан. Тиймээс би бухимдаад өөрийн хувийн орон зайдаа бичихэд урдаас сошиал бүлли ажиллуулж, сэтгүүлчийг дарамтлуулж байх жишээтэй. Сэтгүүлч нь  сэтгүүлчийн ажлаа, PR-чин нь PR-ийн ажлаа хийе. Намайг ажлаа хийсний төлөө нийгэмд муу хүн болгож харагдуулсан.  

НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХ: