ВИДЕО: Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээвэр дээрээ "Өвлийн хүлэмж" байгуулж, сурагчид ногоо тариалж байна

ВИДЕО: Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээвэр дээрээ "Өвлийн хүлэмж" байгуулж, сурагчид ногоо тариалж байна

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн буюу аутизм, дауны хам шинж, тархины саажилттай зэрэг хүүхдүүдэд суурь боловсрол олгохын зэрэгцээ ахлах ангид нь амьдрах арга ухаанд сургадаг онцлогтой сургууль юм. Тэгвэл тус сургууль нь сурагчдадаа зориулж сургуулийнхаа дээвэр дээр хүлэмж байгуулсан монголын хамгийн анхны сургууль болжээ.

ВИДЕО:

Тодруулбал, сурагчид 1-9 дүгээр анги хүртлээ суурь боловсрол эзэмшээд 10,11,12 дугаар анги буюу ахлах ангидаа мэргэжлийн хичээл үзэж, мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэжилтэй болоод төгсдөг аж. Энэ нь сурагчдаа амьдрах арга ухаанд бэлдэж байгаагийн нэг хэлбэр гэдгийг тус сургуулийн багш онцлов.

Энэ талаар НЕБ-ын 55 дугаар сургуулийн багш Г.Ганжаргалтай ярилцлаа.

-Сайн байна уу. Танай сургуулийн хувьд цэцэрлэгчин, ногоочны мэргэжил эзэмшүүлэх ангидаа зориулж дээврийн хүлэмжийг бий болгосон монголын хамгийн анхны сургууль шүү дээ. Хэзээ энэхүү хүлэмжийг бий болгов?

-Сайн байна уу. Миний хувьд 10 дахь жилдээ Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуульд багшилж байна. Цэцэрлэгчин, ногоочны мэргэжилтэн бэлтгэх ангид багшилдаг. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг учраас тэдэнд гарт баригдаж, нүдэнд харагдах практик хичээл орсноор илүү үр дүнтэй байдгийг ажигласан тул хүлэмж байгуулах, сургалтын практик танхим нээхээр төсөл бичиж байсан. Төслийг санхүүжүүлснээр 2018 оноос эхлэн ийнхүү үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ерөнхий энэ дотор засвар засал бүгдийг манай сургуулийн багш нар өөрсдөө босгоод хийж байсан. 

-Энд одоогоор хэдэн төрлийн хүнсний ногоо, ургамал тариалж байна вэ?

-Одоогоор 6,7 төрлийн хүнсний ногоо тариалж байгаа. Голцуу байцайны төрлийн ургамлуудыг илүү ихээр тариалж байгаа. Төмс, лууван гэх мэт зүйлийг бол тариалж болохгүй учраас салатны навч, бууцай, помидор, чинжүү гэх мэт ногоог ургуулж байна. Хавар болохоор олширдог.

-Арчилгааг сурагчид өөрсдөө хийх үү?

-Тэгнэ. Тасалгааны цэцгүүд, модны үрслэгээнүүд бүгдийг нь хүүхдүүд маань өөрсдөө дадлагын хичээлийн үеэр хийсэн. Хүүхдүүд өөрсдөө арчилна, өөрсдөө усална, өөрсдөө тариална. Бүх л юмыг өөрсдөө багшийнхаа дэмжлэг, тусламжийг аваад хамтдаа хийгээд явдаг байгаа.

-Долоо хоногт хэдэн цагаар хичээллэдэг вэ?

-Долоо хоногтоо 12 цагаар хичээл ордог. Одоо манай ангид нийт 17 хүүхэд суралцаж байна. Ноднин цэцэрлэгчин, ногоочин ангийнхаа анхны төгсөлтийг хийсэн.

-Сурагчид болон эцэг эхчүүд их таатай хүлээж авдаг байх?

-Тэгэлгүй яахав. Сурагчид маань олон цагийн хичээл гэж огт шантардаггүй. Харин ч маш дуртай, сонирхолтойгоор хичээлдээ суудаг. Манай цэцэрлэг ногоочин мэргэжлийн анги доороо онол, дадлагын хичээл үздэг ангитай. Энэ хүлэмж цэвэр дадлагын бааз. Онолын хичээл үзсэн хичээлүүдээр хүүхдүүд яг өөрсдөө дадлагаа хийгээд дараа нь яг энэ салатны байцаагаараа ямар ямар төрлийн салат хийхийг хүртэл зааж өгдөг.

-Хурааж авсан ногоогоо сургуульдаа ашиглах уу?

-Сурагчид өөрсдөө ч ашиглана. Тодорхой хэмжээгээр сургуулийнхаа цайны газарт өгдөг. Манай энэ ногоонууд яг цэвэр эко ургамал учраас сурагчид маань тодорхой хэмжээнд багш нартаа зарж борлуулах тохиолдол ч бий. /инээв/

-Бусад сургуулиас туршлага солилцохоор ирэх тохиолдол гарна биз?

-Тийм ээ. Сургуулийн сургалтын үйл ажиллагааны менежментийг судлахаар болон мэргэжлийн ангиудтай танилцахаар нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгаас маш олон байгууллагууд багш нар, захирал удирдлагууд ирж туршлага судалдаг.

-Бусад Ерөнхий боловсролын сургуулиуддаа хандаад уриалга хэлэхгүй юу?

-Хүүхдийг амьдралд бэлтгэх л хамгийн чухал шүү дээ. Манай сургууль тодорхой хэмжээнд хүүхдүүдээ иймэрхүү байдлаар амьдралд бэлтгэж байна. Энэхүү жишиг маань сургуулийнхаа орчин, дээврээ ашиглаад хүлэмж байгуулж болж байна гэдгийг харуулсан байх. Иймд бусад сургуулиуд ч бас ийм хүлэмж байгуулбал хүүхдийн сургалтын орчныг дэмжихэд нөлөөлж ач холбогдолтой байх болов уу л гэж бодож байна.