Н.Мөнхсанчир: Хуурамч дипломын асуудал эцэслэгдэж, ажил олгогчид хүсвэл ажил горилогчийн мэдээллийг шалгах боломжтой болсон /ВИДЕО/

Н.Мөнхсанчир: Хуурамч дипломын асуудал эцэслэгдэж, ажил олгогчид хүсвэл ажил горилогчийн мэдээллийг шалгах боломжтой болсон /ВИДЕО/

Өнгөрсөн онд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 35 мянган багшийн дунд шалгалт хийхэд 800 орчим нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон бөгөөд үүний цаана 2000 гаруй сэжигтэй баримт бичиг үлдсэн талаар мэдээлж байв. Иймд өнгөрсөн арванхоёрдугаар сард /2022.12/ Хууль зүйн дотоод хэргийн сайд, БШУ-ны сайд нар хамтарсан албан даалгавар гаргаж Их, дээд сургуулиудад 2022-2023 оны хичээлийн шинэ жил буюу энэ жилийн хичээлийн шинэ жилээс эхлэн төгсөгчдийн дипломыг баталгаажуулах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, Боловсролын мэдээлэл технологийн төв, Корэкс ХХК, МУИС-тай хамтран дээд боловсролын удирдлагын мэдээллийн системтэй нийцүүлэн боловсролын баримт бичгийг “блокчэйн”-д байршуулах ажлаа амжилттай туршаад нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Энэ нь хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг цоорхойг бөглөж, цаашид хуурамчаар диплом олгодог хууль бус үйл ажиллагааг эцэслэх үйлчилгээ аж. Энэ талаар бид БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчиртай ярилцлаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Хуурамч дипломын асуудлыг эцэслэх “блокчэйн” үйлчилгээ нэвтрэхэд бэлэн болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Одооноос эхлээд дээд боловсролын байгууллагыг төгсөж байгаа төгсөгч нарын диплом буюу боловсролын баримт бичгийг блокчэйн технологиор баталгаажуулах боломжийг бид хангах ажлаа гүйцэтгэлээ гэсэн үг.

Блокчэйн гэдэг технологи нь нэг мэдээллийг олон газар хадгалаад тухайн мэдээллийг буцаад нийлүүлэхэд ижил байвал үнэн мэдээлэлтэй. Буруу байвал худлаа мэдээлэл гэж таних технологийн шийдэл байгаа юм. Тэр үүднээс төгсөгч нарын мэдээллийг дотоодын блокчэйн технологид хадгалаад буцаагаад шалгаад үзэхэд диплом нь байвал үнэн диплом байна гээд явна.

-Үүнд бүх их, дээд сургууль төгсөгчдийн диплом багтах уу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд, БШУ-ны сайд нар хамтарсан албан даалгавар гаргасан. Тус албан даалгаврын 1.3 дээр Их, дээд сургуулиудад 2022-2023 оны хичээлийн шинэ жил буюу энэ жилийн хичээлийн шинэ жилээс эхлэн төгсөгчдийн дипломыг баталгаажуулах ажлыг даалгасан байгаа.

Энэ ажлыг өнгөрсөн зургадугаар сараас хойш Боловсролын мэдээлэл технологийн төв, Корэкс ХХК, МУИС-тай хамтран дээд боловсролын удирдлагын мэдээллийн системтэй нийцүүлэн боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулах ажлаа амжилттай туршаад нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр одоохондоо зөвхөн энэ жил шинээр төгсөж байгаа хүмүүсийн диплом бүртгэгдэнэ гэсэн үг.

Гэхдээ өмнө нь авсан дипломуудаа блокчэйн технологид байршуулах боломж байгаа. Ингэхдээ E-mongolia-ийн лавлагааны санд бүртгүүлээд блокчэйнд хадгалах хүсэлтээ илгээгээд бүртгүүлэх боломжтой юм.

-Үүнийг нэг ёсондоо цахим диплом гэж болохнээ?

-Тийм.  Нэг ёсондоо дээд боловсролын баримт бичиг буюу дипломыг маань өмнө нь төгсөхөд үнэт цаас хэвлэлээр хүлээж авдаг байсан бол одоо дахиад цахим хувилбараар хүлээж авах боломжтой болсон гэсэн үг.

-Төгсөгчийн баримт бичгийг хэн ч тулгаад харж болох уу?

-Энэ үйлчилгээ маань ажил горилогч ажил олгогч хоёрын хооронд олон баримт бичгийг баталгаажуулах итгэлцлийг бат болгох үүднээс бий болсон гэж хэлж болно. Олон баримт бичгийг баталгаажуулах хэрэгтэй байгаа учраас блокчэйнээр баталгаажуулаад өгчих юм бол ажил олгогч маань шалгах шаардлагатай бол блокчэйнээр шалгаж үзээд байж болно.

-Дан ганц диплом гэлтгүй цаашдын хөгжүүлэлт дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Энэхүү технологи нь боловсролын баримт бичгийг баталгаажуулах ажил дээрээ явж байна. Энэ удаадаа дээд боловсролын баримт бичиг дээр явж байгаа бол ирэх онуудад мэргэжлийн, ерөнхий боловсрол, суурь боловсролын гэрчилгээнүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

-Ганц дотоод гэлтгүй гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байсан гэх хуурамч баримт бичиг гаргах тохиолдол ч бас бишгүй гардаг шүү дээ. Энэ тал дээр?

- Энэ шийдэл маань Монгол Улсад байгаа байгууллагуудын диплом олгох процесс дээр явагдаж байгаа. Гадаад дээд сургуульд төгсөгч нар маань өөрсдөө боловсролын баримт бичигтэй төгсөж байгаа. Тэрийгээ өөрсдөө нотлох л хэрэгтэй. Олон улсад бол сургуулиуд нотолж өгөх үйл ажиллагаагаар шийдэж өгөх байх.

-Өнгөрсөн жил боловсролын байгууллагууд тэр дотроо багш нарын диплом дээр хяналт шалгалт хийсэн шүү дээ. Тухайн үед яамнаас материал алдагдсан гэх хэрэг хүртэл гарсан. Уг асуудлын тухайд?

-Тухайн үед 35 мянган багшийн дунд шалгалт хийхэд 800 орчим нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Шалгалтын явцын талаар надад мэдээлэл байхгүй. Холбогдох хуулийн байгууллага эсвэл яамнаас мэдээлэл авах боломжтой байх.

-Хуурамч дипломын асуудал нэлээн олон жил газар авч байгаа. Ер нь тэрхүү хуурамч баримт бичгийг дийлэнхдээ их дээд сургуулиуд гаргадаг гэх мэдээлэл явж байсан. Энэ болгонд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Хоёр янзын хуурамч дипломын асуудал байна. Нэг нь үнэт цаасыг яг адилхнаар дуурайлгаж хэвлэн гаргадаг бол нөгөө нь тухайн сургуульд суралцаж байгаагүй иргэнд зохиомлоор гаргаж өгөх. Нарийн заалтыг сайн мэдэхгүй ч мэдээж хуурамч бичиг баримт үйлдсэн эсвэл хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэх үндэслэлээр зөрчлийн, эрүүгийн  тухай хуулиараа зохицуулагддаг.

-Одоогоор блокчэйнд туршилтын хугацаанд хэдэн сургуулиуд хамрагдсан байна вэ?

-Эхний туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна. Өнөөдрийн байдлаар Блокчэйн үйлчилгээг нэвтрүүлэхээр СЭЗИС гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна. Энэ жил их дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна.