Д.Далайжаргал: Ураны төслөөс 33 жилийн хугацаанд 320 сая долларыг нөхөн сэргээлтэд авна

Д.Далайжаргал: Ураны төслөөс 33 жилийн хугацаанд 320 сая долларыг нөхөн сэргээлтэд авна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ураны төслийг 34 жилийн туршид хэрэгжүүлнэ. 34 жилийн дараа нөхөн сэргээлтийн санд хэр хэмжээний мөнгө үлдэх юм. Хаалтын менежментээ хийж, гэрээгээ дүгнэхдээ дээрх мөнгөө бүтээгдэхүүн, мөнгөний алинаар нь авч үлдэх юм. Хэрвээ мөнгөөр авч үлдвэл Монголд нь байлгах  юм уу эсвэл гадаадын дансанд хадгалах юм уу. Төсөл хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ. Дунд нь явцын дүгнэлт хийж гэрээгээ дүгнэдэг байх ёстой. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилд  нэг удаа дүгнэнэ гээд түгжчихсэн учраас бид нар өөрчлөлт ч оруулж чадахгүй гацаад байна. Ядаж хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэрээгээ эхний байдлаар дүгнэх ёстой байх. Ураны төсөл дээр гүний усны асуудал яригддаг. Гүний усыг хамгаалж чадаж байгаа юу. Гэрээнээс заавал 10 хувь авах хэрэг бий юу. Зардлыг өөрсдөөр нь гаргуулаад ачааг нь үүрүүлээд рояалтиг нь өсгөвөл яадаг юм. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Нөхөн сэргээлт хийнэ. Үүнд онцгой анхаарч байна. Баталгаа болгож санхүүгийн асуудал яригдана. Энэ мөнгийг төрийн дансанд авахаар төсөлд тусгасан.

“Мон атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал: Энэ төсөл нь зардлаа 13 жилийн дараа нөхнө. Тийм учраас 13 жилийн дараа гэрээг дүгнэнэ. Нийт 33 жилийн хугацаанд 320 сая долларыг байгаль орчны нөхөн сэргээлтэд авна. Нийт орлогоосоо жил бүр 3.7 хувийг тооцоод нийт 320 сая доллар авах юм. Усны тухайд буруу ойлголттой байна. Газрын дор 140-170 метр дотор шаварлаг, нойтон элсэн дээр уран байгаа. 10 хувь нь ус, 20 хувь нь элс, шавар гэсэн бүтэцтэй. Түүн дотор 99 хувь нь ус, 1 хувь нь хүхрийн хүчил гэсэн проценттэй усыг шахна. Урантай усыг татаж аваад уснаас нь ураныг салгаж авч буй процесс.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Бид  тэтгэврийн сангаа хоосолдог. Уг нь олон улсын жишиг бол гаднын банканд хадгалдаг юм. Эсвэл бүтээгдэхүүнээр авдаг. Хаалтын менежмент нь жинхнээсээ үндэсний аюулгүй байдлын асуудал болно шүү. Уул уурхайн төслийг эхлүүлье гэж байгаа бол яаж хаахаа тодорхой болгох ёстой.




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө