Криптовалютыг хуулиар зохицуулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо

Криптовалютыг хуулиар зохицуулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо

 

Төрийн ордонд өнөөдөр /2024.11.12/ Төрийн ордонд Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо.

Уг ажлын хэсгийг УИХ-ын даргын 2024 оны 9 сарын 5 өдрийн 105 тоот захирамжаар байгуулсан билээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Г.Уянгахишиг, Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд зэрэг банк санхүү, хуулийн салбартаа мэргэшсэн гишүүд багтжээ.

Дэлхий даяар криптовалютын хэрэглээ нэмэгдсэнээр улс орнууд тэдгээрт тохирох эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг одоогоос арав гаруй жилийн өмнөөс авч хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Тодруулбал, БНХАУ, Пакистан гэх мэт улсуудад криптовалюттай холбогдох бүх асуудлыг буюу арилжаалах, олборлох, төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах зэргийг хориглосон байхад Япон улсад криптовалютыг төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд зогсохгүй криптовалюттай холбоотой бизнес эрхлэгчдийн холбоо байгуулагдаж, тухайн төрлийн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах норм, стандартуудыг боловсруулж, мөрдүүлж байна.

Харин Монгол Улсын тухайд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2017 оны 10 дугаар сард криптовалютын зохицуулалтын талаар мэдэгдэл гаргасан. Түүнийг өнөөг хүртэл баримталж байгаа билээ. Криптовалютын талаар баримтлах эрх зүйн зохицуулалтгүй манай улсад энэ зах зээлийг сонирхох явдал ихсэж байгаатай уялдуулан криптовалютын эрх зүйн статусыг тодорхой болгох, криптовалютын арилжаанд хяналт тавих, орлогод татвар ногдуулах гэх мэтээр шийдвэрлэх нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд криптовалютын ашиглалтыг бусад хууль бус үйл ажиллагаанаас ангид байлгах үр дагавартай байх аж.

 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө