Б.Жаргалан: Төсөв хэлэлцэх шатанд Ерөнхий сайд нэг ч удаа чуулганы танхимд орж ирсэнгүй

Б.Жаргалан: Төсөв хэлэлцэх шатанд Ерөнхий сайд нэг ч удаа чуулганы танхимд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар /2024.11.08/  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийлээ. 2025 оны төсвийг зарлага өндөртэйгөөр баталсан учир  танахыг УИХ-ын зарим гишүүд шаардаж буй. Тиймээс төсвийг баталсны дараа дахин тодотгол хийх шийдэлд хүрсэн юм.

Өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "126 гишүүн төсвийн хуулинд онцгой ач холбогдол өгч оролцмоор байна. Төсөв хэлэлцэх процесс дэгийн хүрээнд маш хангалтгүй явагдсан. Өнөөдөр л гэхэд олонхийн бүлгээс таван хүн, Засгийн газраас нэг ч хүн алга. Төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд Ерөнхий сайд нэг ч удаа энэ танхимд орж ирсэнгүй. Хэлэлцүүлгийн явцад Сангийн сайд Жавхлан өөрийгөө өмөөрч, гишүүдийг загнаж, тодорхой асуултад хариулахгүй үрэн таран хийсэн. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бүх гишүүд төсвийг данхайж байна, хувийн хэвшилд орон зай алга талаар ярьж, шүүмжилсэн. Ц.Даваасүрэн даргатай ажлын хэсэг яг юу хийсэн юм бэ.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг 35 тэрбумаар л багасгаж байна. Засгийн газар үүнийгээ ойлгохгүй бол дэгээр хязгаарлаад болохгүй байна. Төсөв 13.3 их наядаар нэмэгдэж байна. Энийг татвар төлөгчид даах боломжгүй. Иргэдэд энэ мөнгийг төлөх боломж байгаа юм уу. Төсвийг татаж авах бололцоо байгаа. Ерөнхийлөгч төсөвт хориг тавибал энэ асуудал дахиад явна. Боломжгүй юм шиг шалтаг тоочоод дэгээр хязгаарлаж болохгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "306 тэрбум орчим төгрөгийн асуудлыг ажлын хэсэг рүү оруулж ирсэн. Цаанаа яг ямар ажил, үүрэгтэйг мэдэхгүй байж шууд хасах боломжгүй болчхоод байсан. Эцэстээ 32 тэрбум дээр цаанаа ямар ч үр дагавар алга, хасаж болох юм байна гэсэн саналыг оруулж ирсэн. Түүн дотор ваучерын 18 тэрбум ихэнхийг эзэлж байсан.  Мөн тоног төхөөрөмжийн зардал нэлээд өссөн байсан. Бүгдийг нь 30 хувиар таная гэтэл шинэ сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд дэмжигдээгүй. Ямар төсвийн захирагч нь орон тоогоо нэмж зардлаа өсгөчхөөд байгаа юм гэдгийг харахгүйгээр харанхуйгаар аваад хаячхаж болохгүй. Өмнө нь Ламбаа гишүүнийг сайд хийж байх үед 10 хувиар бүх салбарын төсвийг хасаад ариутгалын бодисоо авч чадахгүй болж хүйн халдвараас 12 хүүхдийг эндүүлсэн. Иймд нүдэн сохор таналт хийж болохгүй. Ажлын хэсгүүд гараад хугацаа өгөөд ажиллах хэрэгтэй. Аав чинь чамайг бодоход ухаантай байсан. Ааваасаа очиж асуу. Амьдрал гэж юм байдаг юм. Ордны цонхоор харж байгаад хийж болохгүй. Зөв явж байгаа байгууллагыг шууд танаад хаячхаж болохгүй" гэв. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө