"Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан", “Чингис хааны жанжид” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Чингисийн музейд боллоо

"Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан", “Чингис хааны жанжид” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Чингисийн музейд боллоо

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингисийн музейд “Чингис хааны жанжид”, “Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан” сэдэвт маркийн нээлт боллоо.

Энэхүү үйл явдлыг албан ёсоор нээж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Монгол Улсын гавьяат холбоочин Г.Чинзориг үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн монгол маркийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монгол шуудангийн анхны “Элдэв-Очир” сэдэвт марк НҮБ-ын Юнескогийн жагсаалтад 2024 оны тавдугаар сарын наймны өдөр бүртгүүлсэн нь дэлхийд анхны тохиолдол болсон юм.  Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ сайхан билэгт өдөр Дөрвөн хөлөг Боорчи, Мухулай, Борохул, Чулуун, дөрвөн нохос Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй жанжны дүрээр гарч буй “Чингис хааны жанжид”, Монгол Улсын Ардын жүжигчин “Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан” сэдэвт марк, анхны өдрийн дугтуй үзэсгэлэнгийн нээлтийг албан ёсоор эхлүүлж байна” гэлээ.

Үүний дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Монгол Улсын гавьяат холбоочин Г.Чинзориг, “Монгол шуудан” ХК-ийн “Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, “Чингис хаан” үндэсний музейн захирал, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, академич С.Чулуун, Шинжлэх ухааны академийн түүх угсаатны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж нар “Чингис хааны жанжид” болон “Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан” сэдэвт маркийн эх зургийн хөшгийг нээв.  

Мөн энэ үеэр "Чингис хаан" хамтлагийн дуучин, МУГЖ, Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан “Чингисийн баатрууд” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.