Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр нь хамт олонтойгоо "Хайнань"-д аялж байгаад 21 давхар барилга дээрээс унаж, амь насаа алдсан юм. Тухайн хэргийг БНХАУ-ын тал мөрдөн шалгаж байгаа бөгөөд манай улсад уг хэргийн талаар мэдээлэхдээ "Амь хохирогч нь гаднын нөлөөгүй нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч Т.Отгонбаяртай хамт аялж явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нарын 13 хүнээс Хятадын хууль хяналтын байгууллагаас тайлбар, мэдүүлэг аваад Монгол руу буцаасан байна.
Учир нь амь хохирогч Т.Отгонбаярын ганцаараа байхдаа өндрөөс унаж буй нь камерын бичлэгээр нотлогдож байгаа аж. Тиймээс урьдчилсан байдлаар "Гаднын нөлөөгүй" гэх дүгнэлтийг гаргасан байж болзошгүй байгаа юм байна. Харин түүнд сэтгэл санааны дарамт шахалт байсан эсэх, ямар шалтгаанаар өндрөөс унасан зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч амь хохирогчийн ар гэр БНХАУ-д очсон байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг Хятадын тал үргэлжилж байгаа аж. Уг хэрэг хэрхэн эцэслэн шийдэгдсэн талаар бид эргэн мэдээлэх болно.