Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.14/ боллоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд МАН 40, АН 5 суудал авч, шинэ төлөөлөгчид бүрдсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болсон тул НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нарыг нэр дэвшүүлж сонгоно.
Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүллээ. Х.Нямбаатар яг одоо танилцуулга хийж байна. Үүний өмнө НИТХ-ын даргад А.Баярыг нэр дэвшүүлснийг 86.7 хувь буюу 39 төлөөлөгчийн саналаар дэмжлээ. Асуулт асуух төлөөлөгч байгаагүй учир тогтоолын төслийг батлав. НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан шинээр сонгогдсон А.Баяр тамгаа гардуулан өгсөн юм.
А.Баяр нь 1985 онд төрсөн. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн. Мөн 2002-2008 онд Анагаахын их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хартворд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр төгссөн бөгөөд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдлын тухайд 2007 онд "Корпорайт" зочид буудалд маркетингийн ажилтан, 2010 онд "Хүрэл энтернэйшнль транс" компанид гүйцэтгэх захирал, 2011 онд "Цаст пүүдс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2020 онд "Биг Виг" ХХК-д захирал, 2016-2020 онд БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, БЗД дахь МАН-ын бүлгийн дарга, 2020-2024 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.
LIVE: