Өнөөдөр /2024.10.10/ “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” тохиож байна. Энэ жил “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлжээ. Тус өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл хүргэлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Ажил олгогчид ажилчдын эрүүл мэндийг хамгаалсан орчныг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, сэтгэл ханамжид үнэлгээ судалгаа өгөх, дэмжин ажиллахыг уриалж байна. Монгол улсын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэг нь амиа хорлолт. Жилд дунджаар 500 орчим амиа хорлох тохиолдол гардаг. Үүний тэргүүлэх шалтгаан нь стресс, сэтгэл гутрал тэр дундаа ажлын байрны орчны нөлөө гэсэн судалгааны дүн гарсан. Мөн 6 болон 14 насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан өвчтэй байна гэсэн дүн гарсан. Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй байна гэсэн судалгаа байдаг. Үүний 80 гаруй хувийг бага болон дунд орлоготой улсын иргэд эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд хийсэн судалгаагаар:
-Сэтгэл түгших эмгэг 18.4
-Нойрны эмгэг 17.5
-Архаг ядаргаа 16.2
-Тайлбарлаж боломжгүй биеийн зовуурь шаналгаа 11.9 хувьтай байна. Ялангуяа, Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр хувьтай гарсан. ДЭМБ-аас ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэндийн дэмжсэнээр нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж, заавар гаргажээ.
АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн: Манай улсад бүртгэгдэж байгаа амиа хорлож нас барж байгаа тохиолдол огт буурахгүй байна. Дийлэнхийг хөдөлмөрлөх насны залуучууд эзэлдэг. 2022 оны мэдээллээс харахад,
- 20-24 насны таван хүн тутмын нэг,
- 15-19 насны хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлож нас барсан гэсэн дүн мэдээ байна. Энэ нь хөдөлмөрлөх насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь маш чухал асуудал гэдгийг харуулж байна.
- Л.ЛХАМБҮТЭД