УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь чуулганы өнөөдрийн /2024.10.04/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн санал хураалтын системд аудитын шалгалт хийлгэнэ гэж мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр "Санал тоолох систем, төхөөрөмжтэй холбоотойгоор аудит хийх, хянан шалгах ажлыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулж ажиллуулна. Бүх намын оролцоог хангасан байдлаар ажлын хэсгийг байгуулсан. Системийг хэвийн ажиллуулахтай холбогдуулан аудит хийх шаардлага үүссэн. Санал хураах төхөөрөмж нь олон үйлдэл хийхээр гацаад байна. Нэлээдгүй үнэ өртөгтэй хийгдсэн систем юм билээ" гэсэн юм.
Хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцээд санал хураалт явуулахад чуулганы танхимыг санал тоолох төхөөрөмжийн хонх дуугарсангүй. УИХ-ын дарга санал хураалт явуулах гэж байгааг мэдэгдэн алхаа цохисны дараа хонх дуугарч, гишүүд саналын кнопоо дардаг. Гэтэл хонх дуугараагүй тул зарим гишүүн саналаасаа хоцорсон байна. Тиймээс дахин санал хураалт явуулахаар болсон юм.