Өнөө шөнө ихэнх нутгаар бороо, цас орно

Өнөө шөнө ихэнх нутгаар бороо, цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

Иймд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө. Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байгаа аж. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтжээ. Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, цас орж, хүйтрэх бөгөөд говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав.

Тодруулбал, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газраар бороо, цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байх нь. Тэгвэл Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Харин Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 9-14 хэм дулаан байх аж. Энэ сарын 21-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 




Улаанбаатарт 9 градус дулаан байна

44 секундын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хулгана өдөр

5 минутын өмнө